Чойжилсүрэн.Б Ш.Раднаасэд 2016.08.30 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

2016 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

2016 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

ХЗБХ-ын хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа төсвийн орлогыг өөрчлөгдөж байгаа гадаад, дотоод зах зээлийн нөхцөлд үндэслэн бодитоор төлөвлөх, УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний дагуу яам, агентлагууд болон тэдгээрийн харьяа байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг төсөвт тусгах, төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй урсгал зардлыг бууруулах, бүх шатны төсвийн байгууллагуудад хэмнэлтийн зарчмаар ажиллах, төрийн албаны удирдлагын зардлыг бууруулах, улс төрийн болон захиргааны удирдах албан тушаалтны цалин, хөлсийг түр хугацаагаар бууруулах, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн одоогийн түвшнийг богино хугацаанд хадгалах, цаашид үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг төсвийн боломжтой уялдуулан дунд, урт хугацаанд шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зарчмыг баримталсан хэмээлээ.

Түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангахад ижил, тэгш байх зарчмыг баримтлах, зарим салбарт ялгаатай, харьцангуй өндөр тогтоосныг бууруулах, хувийн хэвшил болон төрийн албаны хоорондын зааг ялгааг багасгах, нийгмийн халамж, хамгааллын зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн боломжтой уялдуулан хэрэгжилтийг түр зогсоох, хойшлуулах арга хэмжээ авах талаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар асуулт асууж, мөн саналаа илэрхийлсний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан.

Ингээд төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.