Дамба-Очир.Д 2016.09.05 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Д.Дамба-Очир: Хямарлаа, хямарлаа гэхэд орон нутгийн хөгжлийн сан руу ороод байхдаа яадаг юм бэ?

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн тодорхой хувийг Сангийн яам дээр татан төвлөрүүлэх асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлснийг дор хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 

Ашигт малтмалын орлогоос 30 хувь нь орон нутгийн төсөв рүү ордог байсан бол 10 хувь, НӨАТ-ын 10 хувь нь орон нутаг руу ордог байсан бол 5 хувь болгон багасгах оруулж иржээ. Өөр бусад зарлагаас хэмнэхгүй атлаа орон нутгийн хөгжлийн сангийн хэдэн төгрөгийг хасдаг нь яаж байгаа юм бэ? Сангийн яамыг ойлгохгүй байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн хэмжээг танах, үгүйг зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн байна. Бусад гишүүндээ хэлээгүй, ойлгуулаагүй.

Эрдэнэтийн тухайд гэхэд 20-30 тэрбум төгрөг л орон нутгийн төсөвт үлддэг. Энэ хөрөнгөөрөө иргэд нилээд олон асуудлаа шийддэг. 

Тэгвэл одоо орон нутгийн бие даасан байдал, төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх тухай ярих хэрэггүй болж байна. Тиймээс Ашигт малтмал ашигласны төлбөр, Хүн амын орлогын албан татвар, НӨАТ-ын тодорхой хувийг орон нутагт нь үлдээдэг бодлогыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ асуудалд Сангийн яам нааштай хандаасай.

Орон нутгийн хөгжлийн сангийн тодорхой хувийг улсын төсөвт төвлөрүүллээ гэхэд шальтай хуримтлал үүсгэхгүй шүү дээ.