УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2016.11.24

Ө.Энхтүвшин: Хямралаас тойрч зугтах хэрэг байна уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

"Хөтөлбөрийн нэрийг өөрчлөх талаар их ярьсан. “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр гэдгийг “Эдийн засгийг сэргээх” хөтөлбөр гэж нэрийг өөрчлөх санал оруулж ирсэн байна.

Сэргээхийн тулд эхлээд тогтворжуулах ёстой юм биш үү? Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах гэсэн үе шатыг алгасаад шууд сэргээнэ гэсэн логик байхгүй. Уналтын үйл явцыг зогсоох ёстой.

Эдийн засгийн хямралд өртөөгүй гэсээр өдийг хүрсэн. Гэтэл саяхны статистикаас харахад, сүүлийн 2 улирал дараалан эдийн засгийн өсөлт хасах дүнтэй гарсан байна. Дөрөвдүгээр улиралд дахин хасах дүнтэй гарах нь ойлгомжтой болж байна.

Гурван улирал дараалан эдийн засгийн өсөлт хасах дүнтэй гарсан тохиолдолд хямрал нүүрлэлээ гэж олон улсад үздэг. Тийм байхад хямрал нүүрлээгүй, эдийн засгийн хүндрэл болж байна, хүндрэлийг даван туулна, эдийн засгийг сэргээнэ гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

“Хямрал” гэдэг үгнээс тойроод хэрэггүй. Он гараад жинхэнэ хямрал нүүрлэлээ гээд хямралыг даван туулах хөтөлбөр гэж оруулж ирэх гэж байна уу? Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд 36 зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулж ирсэн байна.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан зүйл заалтууд бүгд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дотор бий. Ингэж давхардуулж хэд хэдэн бодлогын баримт бичиг гаргах хэрэг байна уу?

Хэд хэдэн гол зүйл дээр анхааръя гэж зөвшилцөлд хүрсэн шүү дээ. Ярьж ярьж, хэлэлцэж хэлэлцэж байгаад УИХ-д оруулж ирэхээрээ яг эсрэгээр нь оруулж ирээд байна. Минийхээр бол, улс оронд хямрал нүүрлэсэн гэж үзнэ.

Эдийн засгийн үзүүлэлтүүд нь хүртэл үүнийг батлаад байхад хямрал болоогүй гэж тойрч, халгаад, зугтаад байх шаардлага байхгүй болов уу? Хэрэв хямрал нүүрлэлээ гэдгээ хүлээн зөвшөөрснөөр тодорхой тодорхой заалтуудыг уг хөтөлбөрт тусгаж болно.

Тухайлбал, ам.долларын ханшийг 2400 төгрөгт барина, 35 мянган айлын орон сууцыг шийдэж, гэр хорооллын 35 мянган яндангаар цөөрүүлнэ гэх зэргээр тодорхой зүйл заалтууд оруулъя гэж ярьсан боловч нэрнээсээ авахуулаад хэлэлцэж, тохирсоноосоо өөр болоод байна.

Хоёр жилийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар яг ийм хөтөлбөр баталсан. Хөтөлбөр ямар ч нэртэй байж болно. Гол нь тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавх, боловсон хүчин, хяналт, үнэлгээний систем байна уу гэдэг асуудал л чухал шүү дээ. Тиймээс Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөр гэж нэрлэ л дээ."