Тэрбишдагва.Д 2016.12.23 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаалттай хуралдаан хийхийг дэмжсэн одоо яаралтай цагаа товлож, зарлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцууллаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийн шинэчилсэн найруулга үдээс хойшхи чуулганы хуралдаанаар хууль тогтоомжийн тухай хуулийг нэгдүгээр сарын 01-ээс эхлэн мөрдөх нөхцөл бүрдсэн эсэх асуулгын хариултын тухай хэлэлцэх юм. Мөн хөгжлийн банкны тогтоолын төслийн  талаар үдээс өмнөх хуралдаанаар  багтааж хэлэлцэх тухай хэллээ. Хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гишүүн санал хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

"Он дуусах гэж байна. Бидний хэлэлцэх асуудал улам цөөрөөд байх юм. Би өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд даргад хаалттай хуралдах шаардлагатай байна гэдгээ хэлж байсан.

Улс орны өмнө үүсээд байгаа асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх нэн шаардлага байна бидэнд. Эрдэнэт үйлдвэрийн талаар хэсэг ярьж байгаад чимээгүй болчихлоо.

Оюутолгойн талаар Ч.Улаан гишүүн бид хоёр асуулга тавиад одоо тав дахь удаагаа хойшлож байх шиг байна. Одоо Тавантойлгойн талаар хэвлэл мэдээллээр худал үнэн нь мэдэгдэхгүй зүйл их гарч байна. Гадаад харилцаатай холбоотой асуудлаар ч дэлхий нийтийн хэвлэл мэдээлэл шуугиад эхэллээ.

Энэ асуудлуудаа л бид нэгтгээд хаалттай хэлэлцэх хэрэгтэй байна гээд байхад хойшлоод байх юм. Өмнөх засгийн үед нэг удаа хаалттай хуралдаан хийж төрийн гурван өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлын гишүүд байр сууриа илэрхийлж байсан.

Түүн шиг хаалттай хуралдаан хийж дотоод асуудлаа нэг тийш болгох цаг болчихсон юм биш үү? Би өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж Гадаад харилцаа болон улс орны өмнө үүсээд байгаа асуудлуудаа яримаар байна гэдгээ хэлсэн. УИХ-ын дэд дарга чуулганы хуралдаан дээр дэмжиж байгаагаа хэлсэн.

Таны хувьд ямар байр суурьтай байгаа тухай нь асуухад Ерөнхийлөгч шаардлагатай бол хаалттай хуралдаан хийхэд бэлэн материал бэлдэж байгаа гэсэн. Тэгэхээр одооноос хаалттай хуралдаан хийх өдрөө товлож эртхэн зарлачихмаар байгаа юм.

Яг хуралдах үед төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ байж байх нь чухал. Эрт тов гаргахгүй бол гадагшаа дотогшоо томилолтонд тав арваараа явчихна. Шинэ жил гэж энд тэнд арга хэмжээнд гүйсээр байгаад одоо энэ асуудал яригдахгүй өнгөрөх гээд байна.

Он гарчихаар шинэ жил эхэлсэн гээд удаашрах хандлагатай. Нэг асуудлын тухай бид хэдэн сар яриад байгаа. Тэгвэл тэдгээр асуудлаа энэ танхимд бүгдээрээ сууж байгаад ярилцвал ямар нэг шийдэлд хүрнэ. Төв азийн ганц ардчилсан улс нь Монгол гэж яриад байгаа биз дээ.

Ардчиллыг дэмждэг баян улс орнууд чинь одоо л бидэнд туслах цаг нь болсон биш юм уу. Хаалттай хуралдаан гэхээр л нууц юм ярих гэж байна гээд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд шүүмжилж хардаад байгаа.

Төр удирдаж байгаа улсуудад дотооддоо ний нуугүй ярилцаж хэлэлцдэг дэлхийн жишиг байдаг биз дээ. Шинэ жил биш улс орныхоо нөхцөл байдалд шинэчлэл хийх тухай хуралдах цаг товоо гаргаад зарлачихвал ярьж, хэлэх, судлах юм их байна."