Үндэсний аюулгүй байдлын салбарын шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр
2017.01.30

Үндэсний аюулгүй байдлын салбарын шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр /2016.01.30/ “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салбарын шинэчлэл ба засаглал: иргэний байгууллагууд” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр,  нийгмийн байгуулалт, эдийн засгийн салбарын шинэчлэл эхэлснээс хойших 26 жилд улс орны гадаад, дотоод орчинд гарсан эрс өөрчлөлт, үүнээс үүдэн бий болсон нөхцөл байдал нь үндэсний аюулгүй байдлын салбарын шинэчлэлд хүчтэй нөлөөлж, ололт амжилтын зэрэгцээ олон шинэ эрсдэл, сорилтыг бий болгосоор байна.

Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Зүүн хойд Ази болон Төв Азид улс төр, эдийн засгийн нөлөөллийн дахин хуваарилалт явагдаж, том гүрнүүдийн ашиг сонирхол хүчтэй зөрчилдөж байгаа нь эдгээр бүс нутгийн олон улсын аюулгүй байдал, түүний дотор цэрэг-улс төрийн нөхцөл байдлыг өмнөхөөс огт өөр болгон өөрчлөгдөхөд хүргэж байна. Энэ их өөрчлөлт биднийг тойрон өнгөрөхгүй байгаа бөгөөд манай орон үүнд нэлээд гүнзгийгээр татагдан орж болзошгүй байдал ч бий боллоо.

Монгол Улс газар зүйн байрлалаараа Ази твийн стратегийн ач холбогдол бүхий чухал түшиц нутаг, их гүрнүүдийн геополитик, эдийн засаг, соёл иргэншлийн ашиг сонирхлын уулзвар, дэлхийн том шашнуудын нөлөөллийн зах нийлсэн зааг дээр оршдог гэдгийг бид сайн мэднэ. Ази тивд ашиг сонирхлоо хадгалахын төлөө өрсөлдсөн том гүрнүүдийн зөрчил, сөргөлдөөн болон хөрш, ойр зэргэлдээ орнууд хооронд болж байсан, маргаан, тэмцэлдээн монголын ард түмний хувь заяанд хүчтэй нөлөө үзүүлж, зарим тохиолдолд эмгэнэлт явдалд хүргэж байсныг бид мартаагүй байна...

... Энэ удаагийн дугуй ширээний хэлэлцүүлгийн зорилго нь манай орны аюулгүй байдал, гадаад харилцаа, стратегийн судалгааны салбарт ажилладаг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд нэг танхимд уулзан ярилцаж, олон улсын аюулгүй байдлын шинэ нөхцөл байдлын учир шалтгаан, мөн чанар, үндэсний аюулгүй байдлаа хадгалан хамгаалах Монгол төрийн бодлогод тулгарч буй эрсдэл, сорилт, энэ салбарын шинэчлэлд гүйцэтгэх засаглалын болон иргэний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлаар санаа бодлоо чөлөөтэй солилцох, нэгтгэн дүгнэх, улмаар үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулахад оршино гаө бодож байна.

Энэхүү хэлэлцүүлэгт манай улсын бодлогын судалгааны хүрээлэн, төв, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын судлаачдаас гадна хүний эрхийг хамгаалах, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцож буй нь аюулгүй байдлын асуудлыг иргэний нийгмийн байр сууринаас харах, энэ үүднээсээ шинэ сонин үзэл бодлыг дэвшүүлэн гаргаж ирэх бололцоог тодорхой хэмжээгээр олгоно гэдэгт итгэлтэй байна.

Өөр нэг тэмдэглэн хэлэх зүйл бол,  энэ удаагийн бидний уулзалт УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон “Улаанбаатар бодлогын судалгааны төв” төрийн бус байгууллагын хамтын санаачилгаар хэвлэн гаргасан “Монгол Улсын аюулгүй байдлын салбар: Алманах -2017” эмхэтгэлийг танилцуулах нээлтийн ажиллагаатай давхцаж байна.  Энэ эмхэтгэлийг гаргасан нь Монгол Улсын аюулгүй байдлын салбарын өнөөгийн байдлыг өмнөхөөс арай илүү өргөн хүрээгээр харах боломжийг уншигч олонд нээж өгөх, аюулгүй байдлын салбарын судлаачдын цаашдын ажилд дэм туслалцаа болох чухал ач холбогдолтой болох юм” хэмээн тэмдэглэв.

Энэхүү хэлэлцүүлэгт Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн дэд захирал Филипп Флюри оролцож буй юм. Дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгийг УИХ-ын  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, “Улаанбаатар бодлогын судалгааны төв” хамтран зохион байгуулсан бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм. Хэлэлцүүлэгт аюулгүй байдлын салбарын хөгжил, шинэчлэл болон аюулгүй байдлын салбар дахь хүний эрх, хэвлэл мэдээллийн асуудлаар судлаачид илтгэл тавив.  

Илтгэл тавьж хэлэлцүүлсний дараа оролцогчид үг хэлж, аюулгүй байдлын салбарын хөгжил шинэчлэлийн талаар шинэ санаануудыг дэвшүүлэн ярилцлаа.

Дугуй ширээний маргааш болох хэлэлцүүлэгт цэрэг, батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид оролцох юм