“100 жил: Хүмүүс, үйл явдал” номын нээлт боллоо
2023.08.11

“100 жил: Хүмүүс, үйл явдал” номын нээлт боллоо

Өнгөрсөн онд тохиосон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “100 жил: Хүмүүс, үйл явдал” номын нээлт энэ сарын 7-нд Гадаад харилцааны яаманд боллоо.

Тус номыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин санаачлан бүтээж, Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн байна. Элчин сайд Ө.Энхтүвшин нээлтийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ ЭСЯ-ны түүхэнд анх удаа гарч байгаа ном бөгөөд цаашид боловсронгуй байдлаар дахин хэвлүүлэх, Монгол-Зөвлөлт, Монгол-Оросын харилцааны түүхийг гүнзгийрүүлэн судлахад судалгааны өгөгдөл материал болох ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа дурдсан юм. Энэ үеэр Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Л.Эрдэнэчулуун, Н.Энхболд, Элчин сайд асан Б.Лувсан, түүхч З.Лонжид нар үг хэлж мэндчилгээ дэвшүүлэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлсэн үгэндээ энэхүү ном нь зөвхөн ЭСЯ-ны түүх төдийгүй хоёр улсын харилцааны түүхийг өгүүлэх чухал материалуудыг агуулж буйгаараа ач холбогдолтой бүтээл болсон гэлээ.

Энэхүү арга хэмжээнд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүмүүс, тухайлбал Монголын Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэн, Л.Эрдэнэчулуун, Н.Энхболд, Д.Цогтбаатар, түүнчлэн ОХУ (ЗСБНХУ)-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Хөдөлмөрийн баатар Д.Готов, Л.Хангай, Ц.Цолмон, Б.Дэлгэрмаа, түүхийн шинжлэх ухааны эрдэмтэд, олон улсын харилцаагаар мэргэшсэн судлаач, нийтлэлчид, Элчин сайдаар ажиллаж байсан хүмүүсийн үр хүүхдүүд, ар гэрийнхний төлөөлөл болон тус ЭСЯ-нд ажиллаж байсан дипломат ажилтнууд уригдан оролцов.