Баасанхүү.О 2017.02.09 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Дипломат төлөөлөгчийн газартай цагдаа шууд харьцаж болохгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ажлын хэсгээс асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Цагдаагийн албаны тухай шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хувилбар болон зарчмын зөрүүтэй санал тараагдсан байна. Хуулийн төслийн 30,6,1 дэх хэсэгт Дипломат төлөөлөгчийн газар, түүний орон байр, эзэмшил газрыг эзэмшиж байгаа дипломат төлөөлөгч, түүний гэр бүлийн гишүүний хүсэлтээр эсвэл тэдгээрийн зөвшөөрснөөр хийх гэсэн агуулга орж ирсэн байна.

Дипломат төлөөлөгчийн газартай цагдаагийн байгууллага биш Гадаад харилцааны яам харьцах ёстой гэж ойлгодог. Харин цагдаагийн байгууллага Хууль зүйн яаманд хандаж, Хууль зүйн яам нь Гадаад харилцааны яаманд хандах нь зөв л дөө.

Тэгэхгүйгээр шууд цагдаа Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газарт нуугдсан болзошгүй эд хөрөнгө, бусад зүйлийг хурааж авна гэхээр олон улсын гэрээг зөрчих юм биш үү?

Тиймээс хуулийн төслийн энэ хэсгийн найруулгыг өөрчилж, цагдаагийн байгууллага Хууль зүйн яамаар дамжуулж, Гадаад харилцааны яаманд хүсэлт гаргасны дагуу... гэх боломж бий юу?

Уг хуулийн төсөл батлагдсаны дараа комиссар гээд 20 гаруй хүн үлдэнэ. Энэ хүмүүсийг яах вэ? Тэр комиссаруудыг шууд хурандаа болгож,  комиссар гэдэг албан тушаал байхгүй болно гэсэн үг үү?

Комиссар гэдэг бол албан тушаалын зэрэг дэв гэж ойлгож байна. Харин цагдаагийн цол гэдэг бол албан тушаал биш цэрэгжсэн байгууллагад хүчин зүтгэсний төлөө өгч буй шагнал, цол хэргэм гэж ойлгодог. Тухайлбал, прокурор хүн хоёр таван хошуутай байдаг. Ерөнхий прокурор бол генерал цолны дайны байдаг.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

Хуулийн төслийн 30 дугаар зүйлд хөрөнгө хураан авах тухай заасан байгаа. Дипломат төлөөлөгчийн газрынхан өөрсдөө зөвшөөрсөн тохиолдолд Гадаад харилцааны яам, прокурорын байгууллага хамтран ажиллахаар байгаа юм. Зөвхөн өөрсдөө зөвшөөрсөн тохиолдолд гэдэг тодотголыг оруулж өгсөн. Ингэж томьёолохгүй бол дипломат төлөөлөгчид шууд халдаж болдоггүй учраас төвөгтэй байдал үүсдэг.

Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшлийн эд хөрөнгө, орон байрыг хураах нөхцөл байдал үүсч болно л доо. Шалгах шаардлагатай ноцтой асуудал гарч л байсан. Энэ тохиолдолд прокурор, Гадаад харилцааны яам хоорондоо ойлголцож, Дипломат төлөөлөгчийн газрынхан зөвшөөрвөл цагдаа очиж, үүрэг гүйцэтгэх юм.

Комиссарын тухайд хурандаа цол олгоод, генералуудыг үлдээх нь зүйтэй болов уу гэж бодож байна.