Тэрбишдагва.Д 2017.02.23 | Сонин: Өдрийн сонин

Д.Тэрбишдагва: Одоо эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж байна

Д.Тэрбишдагва: Одоо эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж байна
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнгөрөгч намрын чуулганы хугацаанд дөрвөн хууль, 13 тогтоол баталж, Олон улсын дөрвөн гэрээ, хэлэлцээрийн төсөл зөвшилцсөн талаар байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдэгдсэн юм.

Д.Тэрбишдагва дарга “Монголбанк, ЗТХЯ, УУХҮЯ зэрэг байгууллагуудаас 13 удаа мэдээлэл авсан байна. Мэдээлэлд тулгуурлан салбар бүрийг хөгжүүлэх зорилгоор Засгийн газарт 10 чиглэл өгсөн. Чуулганы завсарлагааны хугацаанд байнгын хорооны гишүүд Монголбанк болон томоохон уул уурхай, дэд бүтцийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн ажиллагаатай танилцахаар төлөвлөөд байгаа” гэв.

Улс орны эдийн засагт бий болсон хүндрэлийг даван туулж, эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэн баталж, энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 2017 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх болон мөнгөний бодлогын талаар төрөөс баримтлах үндсэн чиглэлүүдийг тус тус тодорхойлсон нь намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан томоохон арга хэмжээний нэг байсныг Байнгын хорооны дарга онцолсон юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонссон гэж байв. Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Олон улсын валютын сантай хийсэн хэлэлцээрийн дагуу найман төрлийн татвар нэмнэ. Татвар нэмэгдэхээр иргэдийн амьдрал хүндэрнэ. Татвар нэмэхгүйгээр зохицуулах боломж байгаагүй юу?

-Өнөөдөр Засгийн газар хуралдаж Төсвийн тодотгол хийх эсэхийг шийдэх байх. Төсвийн тодотгол хийх бол УИХ ээлжит бусаар хуралдана. Энэ үед бүх асуудал тодорхой болно. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ Европын 16 оронд 14тэрбум ам.долларын тусламж олгосон. Үүнээс хамгийн ихийг Грек, хамгийн багыг нь ХБНГУ авсан байдаг.

Тухайн үед Герман зөв бодлого хэрэгжүүлсний дүнд 20 жил орчмын дараа Европын тэргүүлэх орнуудын нэг болсон. Гэтэл Грек одоог хүртэл авсаар л байна. Эндээс тусламжийг үр ашигтай зөв ашиглах нь чухал гэдгийг харж болно. Монгол гурван сая иргэнтэй, 60 сая малтай, баялаг ихтэй орон. Тиймээс бид мөнхийн тусламж авдаг орон байж болохгүй. Энэ удаагийн тусламж сүүлийнх нь байгаасай гэж хүсч байна.

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед татвар нэмэх нь аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлөх вэ?

-ОУВС Монгол Улсын эдийн засаг, санхүүд дүгнэлг өгөөд гаргасан тооцооллын дагуу татвар нэмэх асуудал яригдаж байгаа. Үүнийг биелүүлж байж бид ОУВС-гаас хөрөнгө татах боломжтой болно. Тиймээс зөвхөн төр бус хувийн аж ахуйн нэгжүүдэд ч хүндрэл ирнэ. Монгол эдийн засаг өсөлттэй байхдаа иргэн, аж ахуйн нэгжээ дэмжиж байсан. Одоо бид эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж байна.