"Дэлхийн усны өдөр": Хаягдал ус
2017.03.22

"Дэлхийн усны өдөр": Хаягдал ус

Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.

Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. 2015 онд Дэлхийн усны өдрийг "Ус ба тогтвортой хөгжил",  2016 онд “Сайн ус-Сайн ажлын байр” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Тэгвэл 2017 онд НҮБ-аас “Дэлхийн усны өдөр”-ийг “Хаягдал ус" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан манай улс “Хаягдал ус-нөөц баялаг” уриан дор тэмдэглэж байна. 

Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш усны салбарт хэд хэдэн том ажил хийж эхлүүлсэн гэдгийг салбар яамнаас мэдээллээ. Тухайлбал, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг энэ ондоо багтаан эхлэх бөгөөд одоогоор гэрээ, хэлэлцээрийн шатандаа явж байгаа гэлээ.

Мөн хаягдал усыг эргүүлэн ашиглах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар бэлэн болгожээ.