Сандагсүрэн.Ж 2017.05.10 | Телевиз: SBN

Үндэсний үйлдвэрлэгчид: Төрөөс бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих шаардлагатай байна

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран дүүргийн бизнес эрхлэгч, ажил олгогчдын зөвлөгөөн зохион байгууллаа.  Зөвлөгөөнд дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, томоохон аж ахуйн нэгжийн болон төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татварын хэлтэс, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, МҮХАҮТ, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, Зээлийн батлан даалтын сан, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх зэрэг байгууллагын төлөөлөл зөвлөгөөнд оролцогчидод мэдээлэл өглөө.

Зөвлөгөөнийг нээж дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн: “Засаг даргын мөрийн хөтөлбөрт дүүргийн брэнд бүтээгдэхүүнтэй болох тухай бий. Түүнийхээ төлөө энэ төрлийн үйл ажиллагаануудыг шат дараатай хийж байна. Манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн чанарын хувьд сайн. Загвар нь ч сайжирч байгаа. Гадны зочид төлөөлөгчид ирэхэд гарын бэлэг гээд дүүргийнхээ брэнд бүтээгдэхүүнийг өгч тэдэнд сурталчилмаар байна. Тэгэхэд сайхан сайхан бүтээгдэхүүнүүд хайрцаг сав байдаггүй гэх зэрэг асуудал бидэнд бий. Тиймээс өнөөдөр борлуулалт, эргэлтийн хөрөнгө, зээл, барьцаа хөрөнгө гэх зэрэг асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдгийг бага ч атугай чиглүүлж өгөх үүднээс энэ зөвлөгөөнийг хийж байна.” гэлээ.