Учрал.Н 2017.05.18 | Сайт: Vip76.mn

Залуу гишүүдийн санаачилга, оролцоотой батлагдсан хууль

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэгэн шинэ хууль батлагдсан нь Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл юм.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр санаачилсан бол УИХ-ын ажлын хэсгийн ахлагчаар Н.Учрал ажилласан юм. Өнөөдөр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр уг хуулийн төсөл 76,1 хувийн саналаар батлагдсан юм. 

Хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, О.Содбилэг, Ж.Энхбаяр нар дэмжиж үг хэлж байсан бол эмэгтэй гишүүдээс М.Оюунчимэг, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа нар залуучуудыг дэмжсэн хууль гаргаж байгааг сайшааж байлаа. Тухайлбал, 

Ж.Энхбаяр: Залуучуудын нийгмийн хөгжилд оруулах эрх, үүргийг тодорхой болгосон хууль анх удаа батлагдаж байна. Энэ хууль 15-34 насны хөгжил, оролцоог дэмжихэд үйлчлэх зорилготой хууль юм. 

Н.Учрал: Залуучуудын хөгжлийн индексээр Монгол Улс дэлхийн 181 орноос 71 дүгээр байранд явж байна гэдэг бол чамлалттай үзүүлэлт. Тиймээс ХБНГУ, Швейцарь, Англи зэрэг орнуудын жишгээр залуучуудыг хөгжлийг дэмжих бие даасан хууль эрх зүйн орчинтой болж байгаа нь том дэвшил. 

Ц.Цогзолмаа: Монгол Улсын ирээдүйн хөгжлийн баталгаа бол яах ч аргагүй залуучууд. Үндэснийхээ хэмжээнд сэтгэж бүтээж чаддаг залуучуудаа дэмжих нь маш чухал. Энэ хууль бол үнэхээр цаг үеэ олсон хуулийн төсөл юм.

Залуучуудын эрхэмлэх зүйл:

- Эрүүл, чадварлаг, бүтээлч, ёс зүйтэй, боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх

- Нийтэд тустай санй дурын ажилд манлайлан оролцох

- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох

- Амьдрах ухааны болон санхүүгийн мэдлэг, чадвар эзэмшиж, сахилга баттай байх

- Хэвлэл мэдээлэл, цахим орчинд бусдыг гутаан доромжлохгүй байх

- Эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэх гэж хуульчиллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар Залуучуудын хөгжлийг дэмжих санг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд байгуулахаар болж байгаа бөгөөд сангийн дүрмийг Засгийн газар баталж, сангийн хөрөнгийн зарцуулалтыг яам шийднэ. 

Манай улсын таван хүн тутмын нэг нь 15-24 насны залуучууд, нийт хүн амын 35,5 хувийг 15-34 насныхан эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Ингээд бодохоор ойрын 20 жил нийт хүн амын 65 орчим хувийг хөдөлмөр насны иргэд эзлэхээр байгааг хууль санаачлагч онцоллоо. Тиймээс залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх, тэднийг хөгжүүлэх зорилгоор Залуучуудыг хөгжлийг дэмжих тухай шинэ хууль гаргах нь зүйтэй гэж үзжээ.

Залуучуудын дунд явуулсан судалгаагаар 18-40 насны залуучуудын 44,8 хувь орон сууц, 27,3 хувь хөдөлмөр эрхлэлт, 18 хувь нь боловсролын асуудал тулгамдаж байна гэж хариулжээ.

Эдгээрээс хөдөлмөр эрхлэлтийг онцлон авч үзвэл, Монгол Улсад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 47,6 мянга байгаагийн 61,4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд дурдсан байна.

Залуучуудын талаас илүү хувь нь ажилгүй байгаагийн шалтгаан нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчим алдагдсанаас үүдэлтэй болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олж тогтоожээ. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, залуусыг ажлын байраар хангах тэр дундаа бизнес эрхлэх, хувийн хэвшилд ажиллах боломжоор хангах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгасан байна.

Нөгөө талаас залуучуудын орон байртай байх хэрэгцээ төдийлөн хангалтгүй байгаа бөгөөд энэ нь 10 залуу тутмын нэг нь түрээсийн байранд эсвэл бусдын орон сууцанд түр хугацаагаар амьдарч байгаагаар нотлогдоно.

Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж хямд түрээсийн орон сууцаар хангах, залуу гэр бүлүүдэд хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авах боломж олгох бодлогыг Засгийн газар барьж байна.

Залуу хүн бүр түүх соёлоо танин мэдэж, эх оронч үндэсний үзэлтэй байх нь улс орон хөгжих нэг түлхүүр юм. Энэ ч үүднээс 18-27 насны залуучуудыг сайн дурын үндсэн дээр цэргийн мэргэжил олгох сургалт, цэргийн албан хаагчдын сургалт, бэлтгэлийн хөтөлбөрт хамрагдах эрх зүйн орчныг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгажээ.

Г.Мөнхтуяа