Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа уг хуулийг 100 хувь дэмжиж байгаагаа илэрхийлээд хууль санаачлагчаас асуулт асуулаа. Ц.ЦОГЗОЛМАА: ЗАЛУУЧУУДЫГ ИД ХИЙЖ БҮТЭЭХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ ҮЕД НЬ ДЭМЖИХ НЬ ЗӨВ Манай хүн амын насжилтын индексийг “цонхны үе” гэж нэрлэдэг. Нийт хүн амд залуучуудын эзлэх хувийг харьцуулж үзвэл 50-с дээш хувь байдаг. Энэ тохиолдолд залуучуудыгаа яг хийж бүтээх ид насанд нь дэмжих төрийн бодлогын зохицуулалт хэрэгтэй. Энэ хуулинд хөрөнгө мөнгөний зарцуулалт, залуучуудыг орон байраар хангах, залуу гэр бүлээ дэмжих асуудал дээр ямар төлөвлөлттэй байна? Залуучууд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж буй энэ насанд нь тэдний ТББ-уудыг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ? Н.НОМТОЙБАЯР: ХҮН АМЫН БҮТЦИЙН ХУВЬД ХАМГИЙН ТААЛАМЖТАЙ ҮЕ Өнөөдөр Монгол Улсын хүн амын бүтцийн хувьд хамгийн тааламжтай үе байгаа. Харамсалтай нь энэ тааламжтай үе 15-20 жилийн дараа эрчимтэй өөрчлөгдөх хандлага гарч байна. Хүн амд эзлэх залуучуудын хувь хэмжээ эрс буурч, эсрэгээрээ ахмад настны тоо нэмэгдэх хандлагатай байна. Залуучуудын орон сууцны асуудал хамгийн чухал. Энэ хуулийг санаачлах явцад бид судалгаа хийсэн. Нийтдээ 27300 орчим залуучуудыг хамарсан судалгаагаар залуучуудын днд тулгамдаж байгаа тэргүүний асуудал бол 45 хувьтайгаар орон сууц гэж гарч ирсэн. Үүнийг залуучуудаа дэмжих хуулийн 5 дахь гол бодлого болгож оруулж ирсэн. Энэ бол хэтдээ даатгалын шинэчлэлийн хуультай уялдах юм. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байхдаа тодорхой хэмжээнд орон сууцны санхүүжилт хүртдэг байх зохицуулалтыг холбогдох хууль эрх зүйн хүрээнд хийх боломжтой.
Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал залуучуудын бие даасан эрх зүйн орчинтой болж байгааг том дэвшил гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Н.УЧРАЛ: ОЮУТНЫ ЦАГИЙН АЖЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ АНХ УДАА МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРЖ ИРЖ БАЙНА Залуучуудын хөгжлийн индексээр Монгол Улс 181 орноос 71-р байранд бичигддэг нь чамлалттай үзүүлэлт юм. Зах зээл шилжсэнээс хойш 27 жилийн хугцаанд төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого гарч байсан боловч бие даасан эрх зүйн орчин байгаагүйгээс болж өнөөдөр ингэж хойгуур байр эзэлж байна. 27 жилийн хугацаанд анх удаагаа залуучуудын бие даасан эрх зүйн орчинтой болж байгаа нь том дэвшил юм. Энэ хууль гарснаар 21 аймаг, 9 дүүрэгт залуучуудын хөгжлийн төв 2018.01.01-нээс ажиллаж эхлэнэ. Залуучуудын хөгжлийн төв бол залуучуудад насан туршийн боловсрол олгох, амьдрах ухааны сургалт явуулах, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой байна. Энэхүү хөгжлийн төвөөрөө дамжуулж гарааны бизнесийг дэмжих, бизнес инкубаторыг дэмжих, бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаанууд явагдана. Оюутны цагийн ажлын тухай ойлголт анх удаа Монгол Улсын хууль тогтоомжид орж ирж байна. Мөн шинээр төгссөн залуучуудыг ажлын байраар хангасан байгууллагуудыг төрөөс дэмжих, хүмүүжлийн ач холбогдолтой, гэр бүл төлөвлөлтийн ач холбогдолтой уран сайхны бүтээл туурвисан уран бүтээлчдийг төрөөс дэмжих, хөдөлмөрийн зах зээл боловсролын салбар хоёрын уялдаа холбоо, малчин залуучуудын хөдөлмөр эрхлэх, зорилтот бүлгийн залуучуудыг дэмжих ажлууд энэ хуулинд тусч байгаа. Мөн харъяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах боломжийг залуучуудад бүрдүүлж өгсөн. Цаашдаа энэ хуулийг дагалдаж олон журмууд гарах ёстой. Энэ хөтөлбөр, журмуудыг гаргаж 2018.01.01-нээс энэ хуулиа баялагжуулахад УИХ-ын залуу гишүүдийн оролцоо дэмжлэг хэрэгтэй.
Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уг хуулийн санаачлагч, ажлын гишүүд болон холбогдох байгууллагынханд баяр хүргэсэн юм. Ж.ЭНХБАЯР: ЗАЛУУЧУУДАА БОДЛОГООР ДЭМЖИХ АМЛАЛТЫНХАА АРД ГАРЛАА Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх үүргийг тодорхой болгосон хууль анх удаа батлагдаж байна. Энэ хууль 15-34 насны залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд үйлчлэх зорилгоор гарч ирж байна. Доорх 5 чиглэлээр залуучуудын хөгжлийг дэмжинэ. Хувь хүний хөгжил, Боловсрол, соёл, урлаг спорт, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Хөдөлмөр эрхлэлт, Аюулгүй амьдрах, хөгжих орчныг дэмжинэ гэсэн чиглэл бүхий багц хууль гарч байна. Энэ хуулийг гаргахад санаачилгатай ажилласан УИХ дахь залуу гишүүдэд баяр хүргэе. Энэ хуулийг дэмжиж байгаа залуучуудын байгууллагын үе үеийн удирдлагад ажиллаж байсан олон арван гишүүд энэ дотор сууж байна. Бид сонгуулиар залуучууддаа томоохон бодлогын дэмжлэг үзүүлж, залуучуудын хөгжлийг дэмжих хуультай болно гэсэн амлалтынхаа ард гарж байна. Хамгийн гол нь энэ хуулийг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага болсон Нийгэм Хамгаалал, Хөдөлмөрийн Яам онцгой анхаарч, ажил хэрэгч хандан, залуучууддаа ойр байж, энэ хуульд тусгасан гол зорилт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө идэвх чармайлттай ажиллахыг хүсч байна. Энэ хуулийг дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хууль санаачлагчаас тодруулсан юм. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Бидний залгамж халаа болсон залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилд анхаарч, нийгмийн харилцаанд оролцох оролцоо, эрх үүргийг зохицуулж байгаа нь сайн хэрэг. Тиймээс уг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Хуулийн төслийн зарим зүйл заалтаас асууж тодруулах шаардлагатай хэд хэдэн зүйл байна. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай гэсэн нэртэйгээ уялдаад тэр үү “дэмжих” гэдэг ерөнхий нэршлийг хуулийн төсөлд их ашиглажээ. Хэлэлцүүлгийн явцад яг яаж дэмжих талаар нарийвчлан тусгах шаардлагатай байна. Ер нь “дэмжих” гэдэг үг ямар утгаар оруулснаа тайлбарлана уу? Тухайлбал, хуулийн төсөлд, Залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг дэмжинэ гэж тусгасан байх жишээтэй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр: Аливаа хууль, хуулийн төсөлд дэмжинэ гэдэг үгийг их ашигласан байдаг. Тиймээс хуулийн төсөлд “дэмжинэ” гэдгийг ерөнхий утгаар нь оруулж тухай бүрт нь эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалан тодорхой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ энэхүү хуулийн төслийн зүйл, заалтуудыг барьж ажиллана гэсэн үг.