2017.02.10
М.Оюунчимэг: Нам, дарга дагасан залуучууд л ажилтай болдог болж
УИХ-ын нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Хэлэлцүүлэгийн үед М.Оюунчимэг гишүүн салбарын сайдаас залуучууд рүү чиглэсэн дэд бүтцийг хэрхэн бий болгох талаар асуулаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Залуучуудын өмнө нь тулгамдаад байгаа асуудал, шаналлыг энэ хуульд оруулаад ирж. Бид залуучуудын тухай маш олон сэтгэл эмзэглэв тоо баримт мэдээг сонсдог.
Саяхан их дээд сургуулиудад урилгаар уулзалт хийгээд явж байхад, Барууны улсуудад интернет кафе, номын сан нь кофе уучихдаг, тэнд нь өөдрөг зүйлд тэмүүлэх, зорилгодоо хүрэх эрч хүч хатуужил өгдөг уур амьсгал бүрдүүлсэн дэд бүтцийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаач, бидэнд туслаач гэж байсан. Хуульд маш олон өөдрөг заалтууд байна.
Гэхдээ хууль гарангуут яг эхлээд ямар ямар ажлуудыг хийх вэ? залуучуудад энэ хууль батлагдсанаар надад ийм ийм боломж олгох юм байна, би оролцох нь чухал юм байна гэдэг сэдэл өгөх зүйл хэрэгтэй байна.
Тойрогтоо ажлаад явж байхад нам, дарга дагасан залуучууд л ажилтай болдог болж.
Түүнээс биш өөрийнхөө хүчээр их дээд сургууль төгсөөд ажилтай болох гэхээр танил тал байхгүй, намд элсээгүй болохоор ажил олдохгүй байн гэж хэлж байсан. Үүнийг дагаад залуучууд намд орох сонирхол маш их болж байна. Энэ байдлыг халах хэрэгтэй. Тийм болохоор энэ хуульд чадвартай залуучуудыг ажлын байраараа хангах, их дээд сургуульд зөв боловсрол эзэмшихэд нь чиглүүлж өгөх боломжыгш тусгаж өгөх хэрэгтэй байна.
Мөн хөдөөд эмэгтэйчүүд багасаж байна гэж байна. Хуулийн төсөлд хөдөөд эмэгтэйчүүдийг дэмжих талаар хэрхэн туссан вэ?
ХНХСайд Н.Номтойбаяр хариулав:
Залуучуудын гэмт хэрэг, хар тамхитай холбоотой урьдчилан сэргийлэх 3 зүйл заалт төсөлд орсон. Хуулийн төсөлд яг хөдөө байгаа эмэгтэйчүүд гэж тусгайлан тусгасан заалт байхгүй. Ер нь бол хөдөө орон нутгийн залуучууд гэж хүйс ялгахгүй томьёолж оруулсан. Энэ хууль батлагдсанаар олон санхүүгийн төсөл, хөтөлбөрийг нэгтгэх, хэрэгжүүлэх боломжтой болох юм.