Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв
2017.06.07

Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Тайлант онд Үндэсний статистикийн хороо нь Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгдэж, 2016 оны долдугаар сар хүртэл Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болж хамтран ажилласан талаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа танилцуулгынхаа эхэнд хэллээ.

Статистикийн салбарын хэмжээнд 2016 онд төрийн мэдээллийн нэгдсэн сангуудын уялдааг хангах замаар мэдээллийн зөрүүг багасгаж, хэрэглээг өргөжүүлэх, Монгол Улсын статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах зорилтуудыг дэвшүүлжээ. Энэ хүрээнд 2017-2020 онд статистикийг хөгжүүлэх үндэсний гурав дахь удаагийн хөтөлбөрийг холбогдох баримт бичигт нийцүүлэн боловсруулж батлуулсан байна. Бүртгэлд суурилан явуулсан хүн ам, орон сууцны 2015 завсарын тооллогын үр дүнг нэгтгэн хэрэглэгчдэд түгээжээ.

Аж ахуйн нэгж байгууллагын ээлжит тооллогыг уламжлалт болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан аж. Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн дагуу 2016 мөрдөх хүн амын амьжиргааны доод түвшний тооцоог таван бүсээр тооцон гаргажээ. НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын шалгуур үзүүлэлтүүд, түүнийг тооцох арга зүй, мэдээллийн эх үүсвэрт үнэлгээ хийж, тус зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг эхлүүлсэн байна.

Ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлох үзүүлэлтүүдийн системийг бүрдүүлж, байгаль орчны анхдагч суурь данс болон материал урсгалын дансыг анх удаа байгуулжээ. Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа үргэлжлүүлэн статистикийн байгууллагын мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээсэн үйл ажиллагааны талаар, тулгарч буй хүндрэл, мөн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, нэгжийн талаар болон төсөв санхүүгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тайланг танилцууллаа.

Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хийлээ. Ажлын хэсэг нэг удаа хуралдан Үндэсний статистикийн хороонд өнгөрсөн оны тайлантай холбогдуулан тодорхой чиглэл өгсөн бөгөөд Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах шаардлагагүй, хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайлан болон Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Статистикийн дүн мэдээг бүх нийтээрээ ашиглах хэвшлийг бий болгох, мэдээллийг хүртээмжтэй, үр ашигтай болгох тал дээр Үндэсний статистикийн хороо ажиллах шаардлагатай гэдэг саналыг гишүүд хэлж байв. 

Түүнчлэн хөгжлийн суурь болох статистикийн дүн мэдээг анхан шатнаас нь үнэн бодитоор гаргахын тулд тус байгууллагын бүтэц, тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр дэмжих шаардлагатай гэдэг байр суурийг Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва илэрхийллээ.

Ингээд Үндэсний статистикийн хорооны 2016 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан ДНБ, ажилгүйдэл, инфляци, ядуурлын түвшин зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг илэрхийлдэг статистикийн мэдээллийн чанар, үнэн бодитой байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, статистикийн мэдээллийн үнэн бодитой байдалд тавих хяналтын тогтолцоог сайжруулах талаар судалж, санал боловсруулан Байнгын хороонд танилцуулах, статистикийн мэдээлэл ашиглах хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, төрийн албаны залгамж чанарыг алдагдуулахгүй байхад анхаарах хэмээн Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөхөөр шийдвэрлэлээ.