Ё.Баатарбилэг 2017.06.30 | Сайт: Vip76.mn

5 аймгийг цахилгаанд холбохоор ажиллаж байна

5 аймгийг цахилгаанд холбохоор ажиллаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр /2017.06.30/ УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төвийн таван аймаг, 120 гаруй сум хоёр хоног тог цахилгаангүй байгаа шалтгааныг Эрчим хүчний сайдаас тодруулж, хэзээ цахилгаантай болох талаар лавлалаа. 

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгалийн онц гамшигт үзэгдлийн улмаас асар хүчтэй салхи, мөндөр холилдож орсны улмаас Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудыг цахилгаанаар хангадаг Эрдэнэт-Булганы 54,5 км урт, 110 кВ-ын шугамын 13 тулгуур унажээ.

Тулгуурууд унаснаас болж цахилгааны тасалдал үүссэнээс гадна нэлээдгүй хохирол амслаа. Тодруулбал, 12 айлын гэр мөндөрт цохигдож, 5 айлын гэр нурч, 800 орчим мал мөндөрт цохигдож хорогдсон.

Цахилгааны тасалдлыг арилгах зорилгоор Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн бүх салбараас 75 инженер, техникийн ажилчид, 30 орчим зориулалтын машин механизмууд газар дээр нь одоог хүртэл ажиллаж байна. 

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 13 тулгуур бүгд ашиглалтаас гарсан бөгөөд тэдгээрийг зөөвөрлөж, одоогийн байдлаар 10 тулгуурыг шинээр угсарч дууссан бөгөөд өнөөдөртөө багтааж энэ ажлыг дуусгана гэж Эрчим хүчний сайд П.Ганхүү мэдэгдлээ. Харин яг хэзээ эдгээр аймаг, сумд тогтой болохыг тодорхой хариулсангүй. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn