2017.09.19

С.Эрдэнэ: Огцорсон Засгийн газрын алдаа дутагдлыг залруулж, шинэ Ерөнхий сайдыг яаралтай томилох шаардлагатай байна

ТВ8 телевизийн Нээлттэй хүн нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн СЭрдэнэ оролцож, цаг үеийн асуудлаар ярилцжээ.

-Сүүлийн үед улс төрийн үйл явц анхаарал татаж байна. Намрын чуулганаар эдийн засгийн асуудлыг түлхүү ярих ёстой. Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрыг огцрууллаа. Мөн эрх баригч нарын дотоод асуудал нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэл их гарч байна. Сөрөг хүчний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Сөрөг хүчний хувьд бид байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа. Бид ямар нэгэн албан тушаал харах, эрх мэдлийг хуваарилах үйл явцад оролцох байдлаар хандаагүй. Бидний тавьж байгаа гол шаардлага бол улс орны өмнө үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэх гарцыг олж, ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах байр суурьтай байна. Нэгэнт огцорсон Засгийн газрын оронд шинэ Засгийн газрыг яаралтай байгуулах шаардлагуудыг тавьж байна.

Өнөөдөр нийгэм, эдийн засгийн хувьд маш олон тулгамдсан асуудлууд байна. Сая огцорсон Засгийн газрын явуулж байсан хууль бус үйл ажиллагаануудыг залруулж, засах шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан хууль бус маш олон үйлдлүүд хийгдлээ. Энэ дотроо хүүхдийн мөнгөний асуудал ихээр гоц анхаарал татаж байна. Хүүхдийн мөнгөний асуудлыг улстөрийн шугамаар ашиглаж байна.