Цогзолмаа.Ц Баттөмөр.Б 2017.10.19

Б.Баттөмөр: Монголчууд оюуны өгөгдлөөрөө тэргүүлдэг боловч түүнийгээ баялаг болгох чиглэлд сүүл мушгидаг

Өнөөдөр /2017.10.19/ УИХ-ын чуулганаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдаар Ц.Цогзолмааг томилохыг 90,8 хувийн саналаар дэмжсэн.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа.

Б.БАТТӨМӨР: БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫГ ЗАХ ЗЭЭЛД ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙНА УУ?

Хувийн их дээд сургууль, сургалтын байгууллагуудыг эс тооцвол зах зээлд шилжээгүй салбар. Ялангуяа төрийн өмчлөлд ордог томоохон сургуулиуд, урлаг соёлын байгууллагууд зах зээлд шилжээгүй. Эдгээр байгууллагуудыг зах зээлд шилжүүлэх шинэ загвар юу байх вэ?

Аливаа улс шинжлэх ухаанаа барьж хөгжиж  байна. Манайх хавсарга байдалтай. Энэ байгууллагыг хөгжүүлэх чиглэлээр юу хийж болох вэ?

Шинжлэх ухаанд зарцуулах санхүүжилтийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлнэ гэсэн манай намын мөрийн хөтөлбөр байгаа. Гэвч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ амлалт хэрэгжихэд хүндрэлтэй байх болов уу. Ямар арга зам байна?

Монголчууд сэтгэлгээ, тархины өгөгдлөөр дэлхийд тэргүүлдэг. Гэтэл энэ чадвараа баялаг болгох чиглэлд бид сүүл мушгидаг. Нас ахих тутам мэдлэг багассаар байгаад дундаж хүн болчихдог. Энэ юутай холбоотой вэ? Ямар бодлого барих вэ?

Ц.ЦОГЗОЛМАА: БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ЗАХ ЗЭЭЛД ОРУУЛАХ АСУУДАЛД БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ЁСТОЙ

Нийгэм 27 жилийн өмнө зах зээл рүү эргэлт буцалтгүй шилжсэн. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар зах зээлээс хоцроод явж байгаа. Гэхдээ юу юугүй боловсролын салбарыг зах зээлд оруулах тал дээр болгоомжтой хандах ёстой.

Шинжлэх ухааны салбарыг урдаа барьж яваагүйгээс Монгол Улсад энэ салбарын хөгжлийн концепц байхгүй болсон. Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлогыг энэ салбар дээр гаргаж ирэх тал дээр энэ чиглэлд ажиллаж байгаа эрдэмтдийн бүтээлийг монголын төр шинэ зоригтой бодлого хуваарилах ёстой.

Монгол хүүхдүүдийн авъяасыг үнэлэх ёстой. Гадаад орны туршлагыг анхаарч ажиллах ёстой.