2017.10.20

Д.Тэрбишдагва гишүүн БАЯРТАЙ байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва баяртай байна.

Учир нь тэрээр 2017 он эхлэхтэй зэрэгцэн “Монгол улсад улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал болж байна. Энэ хямралаас гарах замыг бид өөрсдөө хайх хэрэгтэй. Тиймээс Төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүд бүгд суугаад 7 хоног, сараар ч байсан хуралдаад ямар гарц байгааг ярилцах ёстой. Төрийн ордон 24 цаг гэрэлтэй байгаасай гэж хүсэж байна” хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Энэ хүсэлтээ УИХ-ын даргад ч гаргаж байсан юм. 

Харин өнгөрсөн хоёр өдөр УИХ-ын нэгдсэн чуулган үдшийн 24 цаг хүртэл хуралдаж салбарын 15 сайдыг томилсон. Томилох үеэр салбар бүр дээр тулгамдсан асуудлуудаар гишүүд байр сууриа илэрхийлж, сайдад нэр дэвшигчид цаашид баримталж ажиллах бодлого, байр сууриа танилцуулсан юм. 

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэхдээ.

Энэ бол аливаа нэгэн популизм биш хэдэн сар, жилийн өмнөөс ингэж ажиллах юмсан

“Өнөөдөр хамгийн их баярлаж байна. Хоёр өдөр монголчууд ирэх 3 жил ажиллах Засгийн газрын гишүүд хэн бэ? Салбартаа, монгол улсын төлөө юу хийх гэж байна вэ? гэдгийг өглөөнөөс шөнө хүртэл сонслоо.

Энэ хурлыг ингэж хуралдуулсан УИХ-ын дарга, Ерөнхий сайдад, УИХ-ын гишүүдэд баярлалаа.

Миний дахин дахин ярьж байгаа зүйл бол бид бүгдээрээ ажилсаг хөдөлмөрч байх ёстой. Энэ нь УИХ-ын гишүүд биднээс эхлэх ёстой. Ард түмний төлөөлөл болсон 76 бид манлайлж ажиллах ёстой. Засгийн газрын шинэ томилогдож байгаа гишүүд яг өнөөдрийнх шиг ингэж ажиллаж байх ёстой. Бидэнд ядрах, их унтах эрх байхгүй. Бид өнөөдөр эдийн засаг, тусгаар тогтнолын амаргүй үед байна гэдгийг албан ёсоор хэлэх хэрэгтэй.  

Энэ асуудлыг хэлэлцэх эхлэхээс л гишүүдийн чөлөөтэй яриулж өгөөч гэж УИХ-ын даргаас хүссэн. Үүнийг дэмжсэнд талархаж байна.

Төрийн ордон өдөр шөнөгүй гэрэлтэй байж, бид ингэж ажиллавал яамдууд ингэж ажиллана, яамдууд ингэж ажиллавал аймгууд ингэж ажиллана, аймгууд ингэж ажиллах юм бол сум орон нутаг маань ингэж ажиллана. Сум орон нутгууд маань ингэж ажиллах юм бол ард иргэд маань ингэж ажиллана. Аливаа зүйлд манлайлал гэж байх ёстой. Энэ бол аливаа нэгэн популизм биш хэдэн сар, жилийн өмнөөс ингэж ажиллах юмсан, ингэж ажиллавал улс эх орон маань хөгжих болов уу гэсэн миний хүсэлт юм шүү.