М.Энхболдоос суралц, УИХ-ын гишүүд ээ
2017.10.20

М.Энхболдоос суралц, УИХ-ын гишүүд ээ

М.Энхболд өнөөгийн улс төрд хүндлүүштэй жишээ болон харагдаж байна. Түүний эвийг эрхэмлэгч зан чанарын хүчинд өнөөдөр шинэ Засгийн газраа өлгийдөн авлаа.

Учир нь, өөрийнх нь бүтээсэн УИХ дахь 65 суудал хоёр хуваагдаж тэмцэлдсэн өдрүүдэд тэрбээр ямар ч нүүдэл хийсэн дагуулах боломжтой байсан юм.

Түүнд тушаах, туших бүрэн эрх мэдэл байсан. Энэ эрхээ тэрбээр өөрөө бүтээсэн хүн. МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалт МАН-ын дарга М.Энхболдын хөдөлмөрийн үр дүн байсантай одоо маргах хүн гарахгүй болов уу. Тав дараалан шат шатны сонгуульд ялагдаж АН-ын зарим лидерүүдээс “бүрмөсөн арчиж хаяна” гэсэн заналхийлэл амсаж явсан МАН-аас хамаг өнгөтэй, өөдтэй бизнесмэнүүд битгий хэл өөрийнх нь томоохон улстөрчид ч дайжиж байсан нь саяхны үйл явдал. Хэцүү хүнд үед нь тэр МАН-ын голомтыг сахиж, үүдийг нь манаж байлаа.

Ийм нөхцөл дундаас хүчтэй сөрөг хүчин ажиллуулж, муу сайнаар хэлүүлэн намдаа санхүүжилт босгож өнөөдрийн үнэмлэхүй ялалтад хүрсэн юм. Тиймээс ч 65 гишүүнийхээ уухайн дуун дунд “хаан” мэт харагдаж явсан өдрүүд түүнд бий. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өөрөө “Хариуцлагаа хүлээж албан тушаалаа өгнө” гэж мэдэгдсэн нь өмнөх гавьяандаа эрдэж суудалдаа үлдэх бодолгүй байгааг нь илэрхийлсэн.

Гэвч өөрийнх нь зүтгэлээр хууль тогтоох дээд байгууллагад тухалсан намынх нь УИХ-ын гишүүд түүнийг өнгөрсөн хэдэн сар элдвээр хэлж өнгөрөөлөө. Нэг ёсондоо дээдэлж явсандаа хорсож, өсөө тайлж буй өстөн шиг өөд уруугүй гүтгэсэн, доромжилсон.

Нөгөөтэйгүүр Засгийн газарт орж ажиллах хүсэлтэй гишүүд айсандаа эсвэл гэмэрхсэндээ ч гэх үү элдэвлэсэн байх талтай. Тэдэнд хандаж УИХ-ын даргын хувиар намрын ээлжит чуулганыг нээхдээ “Шинээр бүрдэх Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, УИХ-аас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж ажиллах ёстой.

Ерөнхий сайд, Засгийн газар солигдсоноор төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын орчин ойлгомжгүй, тодорхойгүй болох, төрийн байгууллагуудын сахилга, хариуцлага суларч, аж ахуйн нэгж, иргэдийг чирэгдүүлэх явдал хэрхэвч байж таарахгүй” гэж хэлж байлаа.

Энэ нь магадгүй өөрөөс нь урвасан нөхөддөө хандаж хэлсэн хамгийн хатуу үг нь байсан болов уу. Өнөөдөр байгуулагдсан Засгийн газар өмнөхийнхөө үйл ажиллагааг зүйл бүр дээр үргэлжлүүлнэ гэдгээ амлаад сууж байна. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй гишүүдээс ганцхан тэр л “Энэ Засгийн газар үргэлжлэх ёстой. Буруу зүйл болж байна” гэж хэлээгүй үлдсэн байх.

Яг үнэндээ өмнөх Засгийн газар муу байсан гэж “Долоон буудлын Должин эмээ” гомдоллоогүй. Одоогийнхыг нь үнэхээр сайн бүтэцтэй боллоо гэж магтаж байгаа ч хүн алга. Албан тушаалд ээлжлэн томилогдох мөнхийн хүсэл нь л улстөрчдийг ард түмний нэр барин хуйвалдахад хүргэсэн юм. Тэгсэн атал тэднийг бүтээгч нь буруутгасангүй, зөвтгөсөнгүй харин зөнгөөрөө урагшлахад тусаллаа. У.Хүрэлсүхийн хүслээр Засгийн газар бүрдэж, батлагдах хүртэл тэрбээр ямар ч тээг тавьсангүй.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц чухам түүний эв эеийг эрхэмлэгч байдгийн хүчинд бүрэлдэн тогтож, өчигдөр чуулганаар эхнээсээ батлагдсан. Аливаа явдлын урд орж шүлсээ үсчүүлдэггүй улс төрд унаж босож үзсэн, тулхтай улстөрчийн характерийг шинэ гишүүд одоо суралцаж байгаа гэж найдна. Ядаж түүн шиг байж чадахгүй ч төлөв төвшин зангаргаас суралц, УИХ-ын гишүүд ээ.

Сэтгүүлч Ж.САЙХАН