Д.Тэрбишдагва Ц.Даваасүрэн 2017.11.14 | Өглөөний сонин

Цахилгааны төвлөрсөн сүлжээнд 2500 айл өрхийг холболоо

Цахилгааны төвлөрсөн сүлжээнд 2500 айл өрхийг холболоо

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 8000 айл өрх төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй гэсэн тоо гарсан. Тэгвэл үүний 6000 орчим нь Сонгинохайрхан дүүрэгт байдаг.

Учир нь, тус дүүрэгт хөдөө орон нутгаас шилжин ирэх айл өрх өдөр өдрөөр нэмэгдэж, суурьшлын бүс тэлэхийн хэрээр алслагдсан хороодод цахилгаан шугам хүрэх боломжгүйгээс өнөөдрийг хүртэл цахилгаангүй байгаа юм.

Улаанбаатар хотын гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн зургаан дүүргийн 40 орчим хороонд 63 дэд өртөөг шинээр байгуулахаар төлөвлөсөн.

Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд дэд өртөө байгуулснаар цөөнгуй айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холболоо. Тухайлбал, тус дүүргийн XXIV хороонд 250 кВт-ын хүчин чадалтай агаарын дэд станц, 0.4 кВт^ын 1.14 км, 10 кВт-ын 0.33 км-ийн шугамын угсралтын ажлыг хийснээр тус хорооны гэрэл цахилгаангүй байсан 200 гаруй айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбожээ. Мөн XXVI хороонд мөн 250 кВт-ын хүчин чадалтай агаарын дэд өртөөг байгуулснаар 130 гаруй айл өрхийг цахилгаанд холбосон байна.

Дээрх цахилгаанд холбогдсон айл өрхүүд хамгийн багадаа 3-5 жил гэрэл, цахилгаангүй байжээ.

Зарим хэсэгтээ айлаар дамжуулан цахилгаан татдаг ч хүчдэл нь дийлэхгүйгээс гэрэл асаах төдийхнөөр аргацаадаг байсан байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан татсан ч цахилгааны хүчдэл хүрэхгүйгээс цайгаа буцалгах гэж 3-4 цаг болдог байсан гээд бэрхшээлтэй байсан аж. Тиймээс ийнхүү гэрэл, цахилгаантай болсондоо иргэд баяртай байлаа. 

Тухайлбал, тус дүүргийн VII хорооны иргэн Б.Батноров есөн жилийн өмнө тус дүүрэгт шилжин ирж суурьшжээ.

Ирсэн даруйдаа шалны халаалттай шинэ байшин барьсан ч цахилгаангүйгээс болж байшиндаа орж чадалгүй өнөөдрийг хүрч, байшингийнхаа урд гэр барьж амьдарсан талаараа хэлж байв.

Харин цахилгаанд холбогдсоноор шинэ өргөөндөө орж, шалныхаа халаалтыг ажиллуулаад сайхан байгаагаа хэлж байлаа.

Тэрбээр “Манай энд нэг шонгоос 10 орчим айл цахилгаан авснаас хүчдэл нь дийлдэггүй. Тиймээс цахилгаангүй өдийг хүрсэн. Цахилгаанд холбогдсоноор өвлийг ая тухтай, өнтэй сайхан давахаар болсондоо баяртай байна” гэлээ.

Харин XXIV хорооны иргэн Г.Сандагдорж

“Манайх Шороотын задгай гэдэг газарт ирээд дөрвөн жил болсон. Цахилгааны хүчдэл муугаас арай чүү гэрэлтэй байдаг байлаа. Зарим орой гэрэл асахгүй болохоор компютерийн гэрлээр өнждөг байсан. Зуны улиралд махаа хадгалах, хоол ундаа хийхэд хүндрэлтэй байлаа. Харин Эрчим хүчний яамны буянаар цахилгаантай болоод их баярлаж байна” гэсэн юм.

Дээрх айл өрхүүд гэрэл цахилгаанд холбогдсон ч цаана нь олон айл харанхуй хэвээр байгаа. Тухайлбал, тус дүүргийн XXIV хороонд гэхэд цахилгаангүй айл 600, цахилгааны хүчдэл сайжруулах шаардлагатай айл 600 үлдсэн аж. Эдгээр айлын цахилгааны асуудлыг шийдвэл тус дүүргийн VII, IX, XXIV, XXVI хорооныхон цахилгаантай болно гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэллээ.

Утааг бууруулах чиглэлээр энэ онд багтаан 68 уурын зуухыг зогсоож, нэгдсэн дулаанд холбоно

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 

‘‘Шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлээд Ерөнхий сайд нийслэлчүүдэд хандаж хэлсэн үгэндээ ‘‘XXI зуунд нийслэлийн айл өрхүүд гэрэл цахилгаангүй байж болохгүй” гэсэн. Үүний хүрээнд одоогийн байдлаар 60 гаруй агаарын дэд өртөөг шинээр байгуулж, 6000 айлыг цахилгаанд холбохоор ажиллаж байна. Өнөөдөр бид Сонгинохайрхан дүүрэгт холбосон дэд өртөөг хүлээж авлаа. Мөн энэ ондоо багтаан 123 шинэ дэд өртөөг ашиглалтад оруулна.  73 дэд өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Нийт 21 мянган айлыг цахилгаанд холбож, цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Түүнчлэн шөнөдөө 4 кВт-ын хүчин чадалтай гэр халаах эрчим хүчний эх үүсвэрийн боломжийг бүрдүүлж өгнө. Өвлийн хүйтэн болсонч манай салбарын хамт олон агаарын бохирдлыг бууруулах хүрээнд энэ ажлыг хийнэ. Айл өрхүүдийг цахилгаанд холбохоос гадна утааг бууруулах чиглэлээр энэ онд багтаан 68 уурын зуухыг зогсоож, нэгдсэн дулаанд холбохоор төлөвлөөд байна.

Нийт 200 гаруй уурын зуух бий. Тиймээс ирэх хоёр жилийн хугацаанд багтаан бүх уурын зуухыг нэгдсэн дулаанд холбох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр агаарын бохирдлын асуудлыг нааштайгаар шийдэхэд хувь нэмэр болно гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд 200 орчим км-ийн шугам татсан. Үүнээс хоёр дахин урт шугам татаж 200-гаад дэд станцыг нэг сарын дотор байгуулна гэдэг том ажил. Мөн 60 гаруй уурын зуухыг дулаанд холбоно гэдэг амаргүй. Гэхдээ үүнийг хийхийн төлөө манай сал-барынхан ажиллана. Эдгээр ажилд 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгасан" гэв.

Эрчим хүчний чиглэлээр 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш Засгийн газрын хийсэн тодорхой ажлын үр дүнд Сонгинохайрхан дүүрэгт гэрэл цахилгаанд холбогдоогүй байсан 6000 өрхөөс 2500-г нь эрчим хүчинд ийнхүү шинээр холбож, заримынх нь цахилгааны хүчдэлийг нэмж байгаа юм.

Гэсэн ч шинэ суурьшлын бүсүүд үүсч дахин гэрэл цахилгаангүй айлын эрэлт хэрэгцээ тоо нэмэгдэж байгааг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ үеэр хэлж байлаа.

Мөн тэрбээр Эрчим хүчний сайдын 2018 оны багцад Сонгинохайрхан дүүрэгт хүчдэл сайжруулах болон шинэ эх үүсвэр цахилгаанд холбох төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг суулгасан. Эдгээр төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадвал 2018, 2019 онд гэрэл цахилгааны асуудал бүрэн шийдэгдэх урьдчилсан төлөвлөгөөтэй байгааг онцоллоо.

Сэтгүүлч М.Энхцэцэг