Хүрэлбаатар.Ч Мөнх-Оргил.Ц 2017.12.07 | Сайт: Vip76.mn

Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Олон улсын хөрөнгө оруулалтыг банк (ОУХОБ)-ийг хуучнаар Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын Засгийн газар хоорондын 1970 оны хэлэлцээрийн дагуу анх үүсгэн байгуулсан бөгөөд манай улсын хувьд тус хэлэлцээрийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 26 тоот “Хэлэлцээр батлах тухай” тогтоолоор баталсныг дурдав.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай  протоколыг 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр БНКУ-ын Гавана хотноо үйлдсэн аж. Иймд Монгол Улс нь тус банкны гишүүн улсын хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг протоколд оруулж буй өөрчлөлт нь тус банкийг орчин үеийн олон улсын хөгжлийн банкуудын үйл ажиллагаанд мөрдөгддөг нийтлэг зарчимд нийцүүлэх зорилготой юм байна. Тухайлбал, компанийн засаглалын шинэ систем буюу Удирдлагын дээд түвшнийг Удирдах Зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хороо зэрэг гурван түвшинт удирдлагад шилжүүлэх, шинэ дүрмээр Удирдах зөвлөл, Захирлуудын зөвлөл, Ерөнхий хорооны эрх, үүргийг зааглан тогтоох, санал хураах зарчмыг шинэчилж “Нэг орон-нэг санал” гэсэн санал хураалтын хуучин зарчмаас татгалзан олон улсын хөгжлийн банкуудын жишгийн дагуу гишүүн орнуудаас банкны дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээнээс хамаарсан санал хураалтын шударга зарчимд шилжиж байгаа аж. Олон улсын статус бүхий хөгжлийн банкуудад бүгдэд нь, тухайлбал Монгол Улс гишүүнээр нь орсон АХБ, Дэлхийн банк, ЕСБХБ-д банкны дүрмийн санд оруулсан хөрөнгөөс хамаарсан санал өгөлтийн тогтолцоо мөрдөгддөг юм байна.

Харин Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа.

Үүний дараа гишүүдийн 66 хувь нь дэмжиж хуулийн төслийг баталлаа.