2018.01.25

Д.Тэрбишдагва: Хууль батлагдвал ард иргэд хүндрэл, чирэгдэлгүй үйлчилгээ авч чадах уу?

Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ хууль батлагдахаар бичиг баримт хөөцөлдөж байгаа иргэдэд хүндрэл, чирэгдэл багасаж, үйлчилгээ хурдан шуурхай болно гэж ойлгож байгаа. Хуулийн төслийн зарим заалтууд дээр тодруулж асуулт асуулаа.

Хуулийн төслийн 7.2, 7-ын 3.3-т Монгол улсын иргэн регистрийн дугаартай байхаар тусгасан. Энэ олон улсын жишигт нийцэж байгаа юу? 

Бүртгэлийн газрын дарга орон нутагт байгаа салбарын бүтэц орон тоог батлахаар тусгасан заалт байна. Энэ бүтэц орон тооны эрхийг нь орон нутагт шилжүүлэх, засгийн газрын гишүүн, сайд нартай зөвшилцөх хэлбэрт оруулж болох уу?

Хуулийн төслийн 15.1 Бүртгэлийн байгууллагад ямар ч хамаагүй  их, дээд сургууль төгссөн хүн ажиллаж болохоор заасан байна. Улсын онцгой объект байна гэж заасан байна. Мэргэжлийн хүмүүс нь тохирч байгаа юм уу?

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн дарга Д.Энхцэцэг хариуллаа.

Монгол улсын  иргэнд регистрийн дугаар олгогддог. 2010 онд давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг хийж эхэлсэн.Иргэний бүртгэлийн дугаар гэж 12 орон бүхий дугаарыг олгож эхэлсэн. Нийт 2 сая 600 мянга гаруй иргэнд иргэний бүртгэлийн дугаар олгогдсон.

Бүтэц орон тооны хувьд босоо удирдлагын системтэй ажиллах нь зөв гэж үзсэн. Орон тооны хувьд нийт боловсон хүчний 40 хувь эрх зүйч мэргэжилтэй, 60 хувь нь бусад мэргэжилтэй хүмүүс ажиллаж байна. Хууль батлагдсанаар энэ хүмүүсийг солих биш, тогтмол чадваржуулах эрх зүйч мэргэжлийн байхаар чиглүүлж ажиллана.