С.Чинзориг Д.Сарангэрэл Д.Цогтбаатар Ц.Цогзолмаа 2018.01.31 | Телевиз: МОНГОЛ TV

Ерөнхий сайдаас бусад сайд давхар дээлтэй байгаа нь үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна

Хуульч О.Алтангэрэл Засгийн газрын тэргүүнээс бусад гишүүд давхар дээлтэй байгаа нь үндсэн хууль зөрчиж байна гэж үзжээ.

Тиймээс УИХ-ын 2018 оны 58 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн эсэхэд маргаан үүсгэж, дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. 

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: Одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн ганцхан ажлыг хавсарч хийх боломжтой. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гишүүнийг хавсарч хийж болно гэсэн үг. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Хэрвээ УИХ-ын гишүүнийхээ үүргийг ч, Засгийн газрын гишүүний үүргийг ч олон нийтийн шаардлагад нийцүүлэн хийж хэрэгжүүлж чадвал олон нийтийн зүгээс төдийлөн шүүмж байхгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийн цэцэд энэ асуудал очлоо гэхэд хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Япон зэрэг зарим өндөр хөгжилтэй орнуудад Засгийн газрын гишүүд нь, дэд сайд нь хүртэл УИХ-ын гишүүн байж болдог. Монголын нөхцөлд ямар байвал илүү нийцтэй байх вэ гэдгийг бодож болно. 

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Парламентын гишүүн бөгөөд сайдын хамгийн гол үүрэг нь парламент дээр бодлого боловсруулахад өөрийнхөө салбарыг төлөөлж парламентад хамгийн нөлөөтэй оролцох, өөрийнхөө салбарт төсвөө бодлогоо хэрэгжүүлэх хэмжээнд тавиулж өгөх улстөрийн ажлуудыг хийдэг. Одоо бол мэргэжлийн алба нь мэргэжлийнхээ ажлыг хийгээд явж байна. Парламентын засаглалтай орон ийм л байдаг.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: УИХ шийдвэр гаргалаа гэхэд хуулийг хэрэгжүүлэх функц нь Засгийн газар. Энэ хоёр органик холбоотой байх ёстой. Амьдралд хэрэгжих хууль батлахын тулд Засгийн газар зөв хуулийн төсөл оруулж, УИХ-аараа батлуулах ёстой. Эргээд батлуулсан хуулиа хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газар хариуцах ёстой. Органик холбоотой учраас би шууд буруу гэсэн өнцгөөс харах боломжгүй гэж үзэж байна.