Сүхбаатар.Ж 2011.11.11 | Сайт: Time.mn

Ж.Сүхбаатар: Албан тушаалтан гэнэт баяжсанаа заавал тайлбарлан

Ж.Сүхбаатар: Албан тушаалтан гэнэт баяжсанаа заавал тайлбарлан

УИХ-аар Сонирхлын зөрчлийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-Сонирхлын зөрчлийн хуулийг хэлэлцэхийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд дэмжлээ. Хэрэгжүүлэхэд хүндрэлтэй хууль гэж байгаа хэсэг бас байна?

-Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр гишүүн бид гурав Авлилгалын эсрэг бүлгэм байгуулан ажиллаж байгаа. Манай бүлгээс анх удаа парламентын нээлттэй сонсголыг хийж, төрийн өндөр дээд албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт дүн шинжилгээ хийсэн. Тухайн үед олон хүн нээлттэй сонсгол гэж юу болох талаар басамжилж байсан. Энэ бүгдийн үр дүнд бид Сонирхлын зөрчлийн хуулийг өргөн барилаа. Хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна амьдрал дээр өөр зүйл харагдаж байна. Монголын нийгэм танил талаа харж ханддаг, улстөрийн ашиг сонирхлоороо нэгнээ ивээж хаацайлдаг зүйл бий болсон. Нэгэнт би компанийн захирал байлаа гэхэд төрийн тендер, сонгон шалгаруулалтад байнга ордог, авдаг. Шийдвэр гаргах, шүүх, бүртгэлийн газарт нь ах дүү найз нөхөд нь шургалсан байх жишээтэй. Ийм аргаар нийгмийн тодорхой бүлэг хэсэг өөртөө давуу байдал олж авч байгаа нь авлигын гол үзүүлэлт болдог.

-Үүнийг яаж арилгах вэ. Сонирхлын зөрчлийн хууль чадах уу?

-Үүнийг гэрэл цохиулах хэрэгтэй байна. Сонирхлын зөрчлийн хуулиар та хөрөнгө орлогын мэдүүлгээ өглөө ч нөгөө талдаа сонирхлын зөрчлийн мэдээллээ гаргаж өгнө. Өөрийн тань эргэн тойроны найз нөхөд, амраг садан хаана ямар ажил хашдаг. Таныг албан тушаалд томилогдох үед, дараа  тодорхой хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байгаа гээд бүхий л мэдээллийг гаргаж өгдөг байх юм. Ингэснээр далд байгаа мэдээллийг ил болгож сонирхлын зөрчлийг арилгана. Нөгөө талаар сонирхлын зөрчил гэдэг нь ёс зүйн ухамсартай байхыг шаардана. Төрийн албан ажиллаж байгаа хүн хууль зөрчөөгүй гэсэн атлаа гаргасан шийдвэр нь өөрийнх нь ойр дотныхондоо холбоотой байдаг. Мөн ингэснээр төрийн албан хаагчдыг үндэслэлгүй хардаж сэрдэхээс сэргийлж  байгаа. Тэгэхээр тухайн албан тушаалтан шийдвэр гаргахаасаа өмнө миний сонирхлын зөрчилд хамаарч байна. Тиймээс би оролцохгүй гэдгээ мэдэгддэг ухамсар суулгана.

-Сонирхлын зөрчлөөс гадна бэлэг авахтай холбоотой заалт орж байгаа гэсэн?

-Ганц сонирхлын зөрчлийг хязгаарлахгүй бэлэг, цалин хөлс, давхар ажил эрхлэлттэй холбоотой  хэм хэмжээг хязгаарлаж байгаа. Хамгийн гол нь энэ хуулийг төрийн албан тушаалтан сонирхлын зөрчилд орох, авлига авахгүй байх, ингэсэн тохиолдолд баригдах, илчлэгдэх  шүүлтүүр илүү сайжирна. Ингэснээр иргэн, төрийн албан тушаалтан хоёрын итгэлцлийг бий болгох юм.

-Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой маргаан тасардаггүй. Мөн гэнэт хөрөнгөжсөн тохиолдолд ямар ч хариуцлага, шалгалт байдаггүй?

-Хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрчлөлт хийж байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлгийн мэдээллийг хаана, яаж хадгалах тухай талаар тодорхой зааж өгсөн. Тухайлбал, үндэслэлгүй хөрөнгөжих тухай мэдээлэл орж ирж байгаа. Тухайн албан тушаалтны хөрөнгө 10-30 дахин өслөө яагаад ингэв гэхэд  хэн ч тайлбар өгдөггүй. Тэгвэл шинэ хуулиар үүнийгээ тайлбарлах болж байгаа. Энэ хууль батлагдахаар тухайн гэнэт баяжсан нөхрөөс та үүнийгээ тайлбарлаж өгнө гэдгийг иргэн, хэвлэл мэдээллийн ажилтан хэн ч бай асуух эрхтэй болно. Хэрэв тайлбарлаж чадахгүй бол албан тушаалаасаа буудаг болно. Энэ хуулийг хэлэлцэхийг дэмжсэн ч гэлээ зарим гишүүн хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу гэсэн байр сууринаас хандаж байна. Төрд удаан хугацаагаар эрх мэдэлтэнй оршин тогтнохыг хүсч байгаа бол энэ олон хориглолт хязгаарлалт дундаас өөрийгөө чөлөөтэй аваад явж чаддаг байх ёстой. Одоо бид хуулийн хүрээнд гэж ярихгүй дагуу ёсчлон биелүүлж сурах цаг болсон. Албан тушаалтнууд хуулийн хүрээ гэж тойрог бий болгочихоод хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаад байдаг.

-Сонирхлын зөрчлийн хууль батлагдлаа гэхэд  хэдийнээс эхэлж мөрдөгдөх вэ?

-2012 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хоёрдугаар сард авч эхэлдэг. Энэ цаг мөчөөс мөрдөгдөж эхэлнэ.

-Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн, хоцруулсан албан тушаалтанд хариуцлага тооцож чаддаггүй гэсэн шүүмжлэл байгаа. Үүнийг сайжруулж чадсан уу?

-Хуульдаа хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн заалт нэмж оруулсан. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол байгууллагын дарга сануулна. Хариуцлага гарцаагүй байх ёстой. Өмнөх нээлттэй сонсголоор байгууллагын дарга арга хэмжээ авахдаа сануулаад өнгөрч байсан ч илэрсэн. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлгээ заавал гаргаж өгөх ёстой. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгч чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол хариуцлагаас чөлөөлөх заалт ч байгаа. Харин хариуцлагыг чангатгаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.