2018.03.19

Ирэх сард аялал жуулчлалын маршрут батлагдана

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон холбогдох албаны хүмүүс  “ITB-BERLIN” үзэсгэлэнд оролцсон байна.  Тус үзэсгэлэн 52 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай  улс 14 дэх удаагаа тасралтгүй оролцож байна.  Монгол улсыг зорих жуулчдын тоог нэг саяд, аялал жуулчлалаас олох орлогоо нэг тэрбумд хүргэх зорилт дэвшүүлсэн.  Энэ удаагийн үйл ажиллагаанд оролцсон нь зорилтондоо ойртсон нэг алхам боллоо.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:  МУ –д мөрдөгдөх аялал жуулчлалын маршрутыг батлах ажлын хэсэг томилогдсон.  Энэ дөрвөн сардаа багтаад МУ-ын Засгийн газрын хуралдаанаар оруулж, МУ-д явагдах аялал жуулчлалын маршрутыг батлана. Батлагдсан маршрутын хүрээнд аюулгүй байдал, үйл ажиллагааны стандартыг  МУ-ын Засгийн газар хангана.  Батлагдаагүй маршрутыг хэрэгжүүлж байгаад асуудалд орсон нөхцөлд тухайн аялалыг зохион байгуулагч болон тухайн аялалд оролцогч нар зардлыг нөхөн төлнө. Маршрут батлагдсаны дараа  Аялал жуулчлалын компаниудтай үйлчилгээний стандартыг сайжруулах,  цаашдаа Монгол улс аялал жуулчлалын ямар төрлүүд дээр ямар бодлогоор өрсөлдөх вэ?гэдэг тодорхой болно.

Манай улс байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй. Бид энэ бүхнээ ашиглаад,  аялал жуулчлалын салбараа төдийлөн амжилттай хөгжүүлж чадахгүй байна.  Үүний гол шалтгаан нь юу вэ?  гэдэг дээр бид анхаараад зохистой арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн санааг уг арга хэмжээнд оролцоод ирсэн албаны хүмүүс хэлж байна.