Улаан.Ч Бат-Эрдэнэ.Б Тэрбишдагва.Д 2018.04.03 | Сайт: Vip76.mn

Оюутолгойн гэрээний талаарх Засгийн газрын албан ёсны байр суурийг мэдэхийг хүслээ

Оюутолгойн гэрээний талаарх Засгийн газрын албан ёсны байр суурийг мэдэхийг хүслээ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт асуулга хүргүүллээ. 

УИХ-ын дээрх гишүүд Сайд нарыг томилогдох үед УИХ-ын чуулган дээр "МАН-аас 2016 оны сонгуульд дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийн 2.4,4,-2.4.5 дахь заалтын хэрэгжилтийг тодорхой зохион байгуулах, “Монгол хүн эх орныхоо газар нутаг, газрын баялагтаа эзэн байх боломжийг хангах зарчим барьж ажиллах"-ыг чиглэл болгож байсан. Ялангуяа Оюу-Толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ. Дубайн гэрээний үр дагавар, өгөөжийг үнэлж дүгнэх, ард иргэддээ улирал бүр тогтмол тайлагнаж ажиллах ёстой шүү" гэдгийг онцлон дурьдаж байсан юм. 

Энэ байдлаас дүгнэлт хийж дараах асуулгыг сайд нарт тавьсан байна. 

Үүнд;

  1. Оюу-Толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ,“Оюу-Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө" хэмээх гэрээ нь Монгол Улсын хууль, УИХ-ын болон Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрүүдэд нийцэж байсан эсэхэд дүгнэлт хийсэн үү. Монголын төр, нийгмийн ашиг сонирхолыг хохироосон зүйл заалт, үйлдэл байгаа эсэх.
  2. Оюу-Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах, өөрчлөх шаардлагагүй" гэсэн /Үндэсний шуудан сонины 2018-03-23-ны өдрийн 058 дугаарт/ Та бүхний мэдэгдэл Засгийн газрын албан ёсны байр суурь мөн эсэх.
  3. Засгийн газрын зүгээс тогтвортой, ашигтай байдлыг хангаж ажиллана гэдгээр "Рио Тинто" компанитай ойлголцож, хамтарч ажиллаж байгаа гэсэн Та бүгдийн мэдэгдлийн хүрээнд чухам ямар бодлого тодорхойлогдсон, ажлын явц,үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ?
  4. Оюу-Толгой ХХК-ийн үр ашгийг иргэн бүрт хүртээмжтэй байлгах бололцоог бүрдүүлэх тухай мөрийн хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангах талаар ямар тодорхой үйл ажиллагаа явуулж байна. Ажлын эхлэл, ойрын ирээдүйн үр дүнг хэрхэн төсөөлж байгаа вэ?. Энэ зорилтыг Оюу-Толгойн анх байгуулсан хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний хүрээнд хэрэгжүүлэх ямар баталгаа байна вэ? Оюу-Толгойн гэрээг эргэж харахгүй байх үндэслэл болохоор УИХ-ын ямар шийдвэр хэзээ гарсан бэ?
  5. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио-Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъян Жактай уулзах үеэр ярилцаж Оюу-Толгойн төслийг Монголын ард түмэнд өгөөжтэй байлгах, гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллуулахаар тохиролцсон ажлын явц, эхлэл ямар байна вэ? Ажлын хэсгийн баримтлан ажиллах удирдамж. чиглэл батлагдсан эсэх. Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг, тухайлбал, хөгжил дэвшил болгох, өр авлага болгочихгүй байх зорилтод хэрхэн анхаарч байна вэ?

УИХ-ын гишүүд эдгээр асуултын хариу УИХ-ын нэгдсэн чуулган дээр сонсож, хэлэлцүүлэхийг хүссэн бөгөөд тодорхой чиглэл гаргуулж дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. 

УИХ-ын энэ хаврын чуулган ирэх пүрэв гаригт нээлтээ хийх билээ. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn