С.Эрдэнэ 2018.04.25 | Өглөөний сонин

С.Эрдэнэ: Ч.Сайханбилэгтэй уулзах хүсэлтээ тавьсан

С.Эрдэнэ: Ч.Сайханбилэгтэй уулзах хүсэлтээ тавьсан
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр Мөнгө хүүлэлтэй тэмцэх болон Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төсөл нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлах, мөнгө хүүлэхтэй тэмцэх зорилготой. 

С.Эрдэнэ хууль санаачлах болсон тухайгаа

“Монгол Улсад банк санхүүгийн байгууллага, баялаг бүтээж буй бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн зээлийн дарамтаас гарах бодит үндэслэл болно. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож, түүнээс дээгүүр зээлийн хүү тогтоосон тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэж, мөнгө хүүлсэнд тооцох, хариуцлага хүлээлгэх боломжтой. Мөнгө хүүлэлтийн талаар өмнө нь тодорхой хууль эрх зүйн ойлголт байхгүй байсан. Энэ хууль хэрэгжсэнээр Монголд бизнес эрхлэхэд таатай орчин бүрдэх, зээлийн хүүгийн дарамтаас ангижрах гол эрх зүйн зохицуулалт хийж байгаа. Өнөөдөр арилжааны банкны дундаж хүү 20-30 хувь байдаг. Банк болон банк бус санхүүгийн байгууллага 40-60 хувьтай байдаг. Ийм өндөр хүүтэй зээлийн орчинд амжилттай бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулахад хэцүү. Тиймээс хуулийн төслийг санаачилж байна” хэмээн мэдэгдсэн.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хэд байхаар хуульд тусгасан юм бэ?

-Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувь байхаар хуульчилсан. Түүний дотор цалин болон тэтгэврийн зээлийн хүүг 12 байхаар хуульд тусгасан. Энэ нь сарын 1-1.5 хувь байна гэсэн үг.

-Хууль банк бус санхүүгийн байгууллага, ломбард, арилжааны банкууд бүгдэд хамаарна гэсэн үг үү?

-Ер нь бол хадгаламж зээлийн хоршоо, иргэд хоорондын өдрийн зээлийн зохицуулалтыг хуульд оруулаагүй. Банк, банк бус санхүүгийн байгууллагад хамаарна.

-Ардчилсан намын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг цагдан хорьсон байгаа. Намын зүгээс очиж эргэнэ, уулзана гэж байсан юу болсон бэ?

-АТГ болон холбогдох газруудад асуудлаа тавьсан. Албан ёсоор уулзах хүсэлтээ өгсөн. Өнөөдрөөс хариу өгөх болов уу.