Б.Ундармаа Ж.Ганбаатар Д.Тэрбишдагва 2018.04.25 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2018.04.25) хуралдаанаар Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Ундармаа төслийн талаар танилцууллаа.

2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа Эдийн засгийн байнгын хороо Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр гишүүдээс гаргасан тодорхой саналуудыг нэгтгэн судалж, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Үндэсний статистикийн хорооны хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, түүний үйл ажиллагааг хүрэлцээтэй төсөв, санхүү, мэргэжлийн боловсон хүчнийг чиглэлээр идэвхтэй дэмжихтэй холбоотой 3 хэсэг, 7 заалт бүхий чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Л.Болд, Д.Тэрбишдагва нар байр сууриа илэрхийлж, төсөлтэй холбогдуулан зарим саналыг гаргасан.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Тоо мэдээлэл хэн нэгэнд таалагддаг биш үнэн зөв байх хэрэгтэй. Статистик тоо мэдээллээр МУ-ын бүх зүйл болж байгаа юм шиг харагдуулдаг. Танай байгууллагын тоо мэдээнд 100 хувь итгэдэг баймаар байна. Орон тоог нэмэхийг дэмжихгүй байна. Орчин үед тоон мэдээллийг хаанаас ч авч болохоор болсон. Орон сууц тоолох шаардлагагүй гэж үзэж байна. Гаргасан тоо мэдээ нь эдийн засгийн үр нөлөөтэй шийдвэр гаргахад нөлөөлдөг байх ёстой. Энэ чигээрээ чигээрээ амилбал шаардлага хангахгүй байна” гэсэн санал хэллээ.


Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх үеэр макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг нарийвчлалтайгаар гаргахад шаардлагатай бүтэц, төсвийн асуудал хөндөгдөж байсныг Байнгын хорооны тогтоолд тодорхой тусгах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хэлсэн.

Гишүүдээс гаргасан саналуудыг төсөлд тусгах талаар хэлэлцээд, эцэст нь тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжснээр Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.