О.Баасанхүү 2018.05.14 | Үндэсний Шуудан

О.Баасанхүү: С.Эрдэнэ гишүүн дүрдээ итгэчихээд хүн загнаж байгаа юм

О.Баасанхүү: С.Эрдэнэ гишүүн дүрдээ итгэчихээд хүн загнаж байгаа юм
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулагдаад нэлээд удлаа. Ажлын хэсгийнхэн хяналт шалгалтаа хийж байна уу. Ажлын явц нь ямар байна вэ?

-Намайг гадаадад явж байхад энэ ажлын хэсэгт оруулсан байна лээ. Ажлын хэсгийнхэн дөрвөн удаа хуралдсан. Би эхний хурлын үеэр “Оюутолгойн асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Энэ үед УИХ-аас ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт гаргах нь шалгагдаж байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх, эсвэл хүндрүүлэх байдал үүсчих вий.

Ажлын хэсгийн дүгнэлтийг харгалзаж, хүнийг яллах, эсвэл цагаатгах хэмжээнд хүрчихэж магадгүй.

Энэ утгаараа ажлын хэсэг ач холбогдолгүй” гэсэн санал хэлсэн юм. Гэвч ажлын хэсгийнхэн “Олон жил Оюутолгойг тойрсон асуудал яригдлаа. Тиймээс үүнийг харж, судалж үзье” гэсэн. Би “Тэднийг ингэж бодож байгаа бол хуульч хүнийхээ хувьд ажлын хэсэгт орж, материалуудыг үзэж, танилцая” гэсэн юм. Энэ ажлын хэсэгт орсноор надад гурван зүйл харагдаж байна л даа. Нэгдүгээрт, энэ асуудлын түүхэн үйл явц байна. Яагаад А лицензийг Роберт Фридландад өгсөн юм. Хэрвээ та нар санаж байгаа бол тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, П.Анужин, С.Баярцогт нарын ярьж буй бичлэг байдаг. Тэр бичлэгт С.Баярцогт “Би энэ их өрийг тэглэхэд 178 сая ам.доллароор тохирчихсон” гэсэн байдаг. Харин дараа нь 250 сая ам.доллар болчихсон. Үүнээс эхлээд л бид судлах ёстой. Дараа нь манай улс яагаад 34 хувь эзэмших болсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах шаардлагатай. Гэхдээ 34 хувь байгаа нь муу, 51 хувь болговол сайхан болно гэсэн санаа биш.

Гол санаа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гэрээ хий гэдэг чиглэл өгсөн байна. Энэ нууц учраас би доторх агуулгыг нь ярьж болохгүй. Тухайн үед нөхдүүд гэрээг байгуулахдаа 34, 66 гэсэн хамтарсан компани байгуулан зээл авчээ. Одоо бид 7-8 хувийн хүү төлөх гээд байгаа юм. Тиймээс бид хоёр асуудлыг судална. Нэг дэх нь зардал өссөн нь үнэхээр бодит уу, эсвэл бодит биш үү гэдгийг судлах ёстой.

-Та ажлын хэсэгт орохдоо Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Ямар учраас ингэж үзсэн юм бэ?

 -Рио тинтогийнхон гэрээ хийхдээ “Зээлийн өрийн 34 хувийг та нар төл, 66 хувийг нь бид төлье” гэжээ. Тэднээс “Та нар зээл авахаа Монголын талынханд хэлсэн юм уу гэхээр “Хэлсэн. ТУЗ-ийн гишүүдэд бичиг өгсөн” гэдэг. Мэдээж цаад талынхан олон улсын хуулийн том компаниудаас зөвлөгөө авдаг учир бүх зүйлийг ном журмын дагуу хийж байна. Харин манай талаас ТУЗ-ийн гишүүд нь өр зээл, зардал мөнгөнд нь санал оруулаагүй.

Тэд жижиг асуудлыг нь орхилоо гэж бодоход том асуудлыг ярих ёстой шүү дээ. Тиймээс би Ерөнхийлөгч асан Н.Багабандийг ТУЗ-ийн гишүүнээс нь чөлөөлөх хэрэгтэй гэж үзсэн. Мөн Н.Багабандийн найз Ганболд гэдэг хүн бас ажиллаж байсан. ТУЗ-д яагаад жаахан ч гэсэн мэргэжлийн хүмүүс байгаагүйг, Засгийн газарт яагаад мэдээллүүддээ өгдөггүйг нь гайхаж байна. Өөрөөр хэлбэл, нөгөө талынхан зээл хийж, манай улс долоон хувийн хүүтэй зургаан тэрбум төгрөгийн зардал гаргахаар болоход ТУЗ-ийнхөн яагаад төр засагтаа хэлж, санал оруулаагүй гэдгийг л гайхаад байгаа. Тиймээс энэ зардлыг бодит эсэхийг нь ажлын хэсгийнхэн шалгах ёстой. Ажлын хэсгийнхэн таван дэд ажлын хэсэг байгуулсан. Намайг ажилчдын ахуй хангамж, цалин хөлсийг хариуцсан дэд ажлын хэсгийн ахлагч болгосон. Энэ талаар баримт материал бэлтгээд сууж байна. Бусад дэд ажлын хэсгийнхэн ямар төвшинд ажиллаж байгааг мэдэхгүй.

-Рио тинтоийнхон Засгийн газрын удирдлагуудтай ойр ойрхон уулзаж байгаа гэсэн мэдээлэл байна. Засгийн газрын зүгээс Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулж, шалгаж байгаа юм биш үү?

-Засгийн газрын зүгээс очиж, уулзаж байгаа. 2009 онд бид ямар нөхцөлд байснаа мартаж болохгүй. Олон улсын валютын санд орж, “Стэнд бай” хөтөлбөрийг нь хэрэгжүүлж байсан. Бид нэлээд хүнд байхдаа энэ төслийг хөдөлгөж эхэлсэн юм. Тэгэхээр бачимдан тэвдэхдээ алдаа гаргаж, нөгөө талд хэт ашигтай нөхцөлөөр тохирч, гэрээ байгуулсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс одоо энэ боломжийг ашиглаж, засч авах ёстой. Энэ бол олон улсын гэрээ биш. Засгийн газар хоорондын ч гэрээ биш. Харин Монгол Улсын Засгийн газар тодорхой нэг компанид хөрөнгө эзэмших зарчмаар гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмших замаар 34 хувийг нь эзэмшсэн гэсэн үг. Тиймээс хувь эзэмшиж байгаа гэдэг утгаар өөрийн талын ТУЗ-ийн гишүүдийг оруулсан. Харин тэд хүний юманд хүйтэн хандана гэдэг шиг зардалд нь огт хяналт тавиагүй юм.

-Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсгийнхний дүгнэлтэд нь УИХ-ын ажлын хэсгийнхэн анализ хийж, УИХ-д дүгнэлтээ танилцуулна гэж яриад байгаа шүү дээ?

-Засгийн газраас ажлын хэсэг гаргасан үгүйг нь би мэдэхгүй байна. УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн дэд ажлын хэсгүүдэд яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар багтаж байгаа. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд МАН, АН-ын бүлэглэл нийлж, олонхоороо түрүү барьсан үйлдлүүд хийгээд байна. Би энэ асуудлыг эхнээс нь шалгая гээд байгаа юм. А лицензийн асуудлаас эхлээд шалгах талаар дээр дурдсан. Мөн яагаад 34, 66 хувиар нь хуваасан, яагаад зардал огцом өссөн асуудлыг нарийвчлан шалгалгүйгээр баталсан, яагаад татварыг хүчингүй болгосон бэ гэдгийг л гаргаж ирэх ёстой юм. Уг нь УИХ, шүүх болон маргаан хянан таслах комиссоос шийдвэр гаргаснаар цуцалж болно. Гэтэл шүүхийн шатанд байхад Засгийн газар шууд дундуур нь орж, эвлэрлийн гэрээ байгуулан, өндөр хэмжээний татвараас сайн дураараа татгалзсан гэхэд болно. Тиймээс би одоо хууль хяналтын байгууллага шалгаж байна гэж харж байгаа. Ийм шийдвэр гаргасан нь зөв үү, буруу юу гэдгийг хуулийн байгууллага шийдэх байх. 

-Ярилцлагын өмнө та Монголыг хорлох гэж байгаа хүмүүс “Монголчууд Оюутолгой төслийн 51 хувийг эзэмш” гэж шаардаж байна гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ?

-Яг өнөөгийн нөхцөлд 34 хувиа 51 хувь болго гэж шаардаж байгаа бол цэвэр хорлож байгаа үйл ажиллагаа. Одоо бодъё л доо. Зургаан тэрбум ам.долларынх нь 34 хувийг бид төлнө гэж бодоход гурав орчим тэрбум ам.доллар болно. Харин одоо 51 хувь болго гэвэл цаад талынхан дуртай зөвшөөрнө. Тэгээд манай улс зургаан тэрбум ам.долларын 51 хувийг долоон хувийн хүүтэйгээр нь төлөх болно. Тэгэхээр ард түмнийг хорлох гээд байна гэж хэлээд байгаа юм. Бид анх “Та нар хөрөнгө оруулалтаа ол. Бид ашгийнх нь 51 хувийг авна. Хөрөнгө оруулалт хэд ч байсан хамаагүй. Харин бид зардлыг хянана” гэж тохирсон бол болох л байсан. Гэтэл “Хоёулаа нийлээд газар ухъя. Би 34 хувийн хүнээ гаргая, та нар 66 хувийн хүнээ гаргая” гэдэгтэй адилаар л шийдчихсэн. Яагаад ийм сонин зүйл хийснийг нь гайхаад байдаг юм. 

-Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг солино гэсэн мэдээлэл цацагдсан. Ямар асуудлаар солих гэж байгаа юм бэ. Д.Дамба-Очир гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн мэдээлэл байна. Үнэн юм уу? 

-Энэ асуудлыг би мэдэхгүй. Анх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг томилоход хүмүүс олон зүйл ярьж л байсан. Түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нь бид мэдэхгүй шүү дээ. 

-Д.Дамба-Очир гишүүн өөрөө өргөдлөө өгсөн юм уу?

-Өөрөө өгсөн л гэж би ойлгож байгаа. Би Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хорооны гишүүн биш. Намайг эдгээр Байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулдаггүй юм. Ер нь гадуурхал л яваад байгаа юм.

-Хүүхдийн мөнгийг 80, 100 хувьд нь олгох асуудлыг УИХ-аар нэгтгэж хэлэлцэхээр боллоо. Таны хувьд аль хувилбарыг нь дэмжиж байгаа вэ?

-Өгмөөр байвал бүгдэд нь л өгнө биз дээ. Энэ чинь улс төрийн сэдэв биш шүү дээ. Ахуйн шинжтэй асуудал. Харин үүний оронд том асуудлуудаа хэлэлцэх нь зөв. Ирэх сард би Ази Номхон далайн орнуудын парламентын чуулга уулзалтыг Монголд зохион байгуулах гээд нэлээд завгүй байна. Тэгэхээр ийм үед жижиг асуудалд оролцмооргүй байна. Хүүхдийн мөнгө өгөх асуудал чинь жижигхэн шүү дээ. Яагаад гэвэл төрөөс хулгай хийсэн хүмүүсийн идсэн мөнгөний 50 хувьд нь ч хүрэхээргүй мөнгө. Нийт 40 тэрбум төгрөг л юм байна лээ. Ийм мөнгийг нөхдүүд оффшор дансандаа хийчихсэн л байгаа. Уг нь нэг нь л гаргаад өгчих хэрэгтэй л дээ.

-Хүүхдийн мөнгө олгох төслийг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ та хоёр нэлээд ширүүн маргалдсан. Маргаан юунаас болсон юм бэ?

-С.Эрдэнэ гишүүн орилж чарлахад хүүхдийн мөнгийг  80 хувьд нь өгөх үү, 100 хувьд нь олгох уу гэдгийг ярьж байсан. МАН-ынхны зүгээс хүссэн нь авах санал оруулсан. Харин АН-ынхан 100 хувь өгье гэсэн юм. Би тэднийг 100 хувь олгоё гэдэг дээр тохирчихсон юм байна гэж ойлгож байгаа. Хурлын үеэр хүүхдийн мөнгө олгох төслийн ажлын хэсэг байгуулж, эмэгтэй гишүүнээр ахлуулъя гэсэн санал гарсан. Тэгээд л эмэгтэй гишүүдээс Н.Амарзаяа нь дээр, З.Нарантуяа нь дээр гээд л нэлээд хэлэлцсэн. Би тэгэхэд нь “Наад хошин шогоо болио. 40 тэрбум төгрөгийн асуудал байна. 30 минутын дотор батал” гэсэнд л С.Эрдэнэ гишүүн эгдүүцсэн л дээ. Эгдүүцэхдээ маш ёс зүйгүй харагдсан. Ер нь парламентад “Чи, би, новш” гэх зэргээр ажлын төлөө муудалцах тохиолдол байна. Бусад оронд зодоон нүдээн ч байдаг. Гэхдээ өөр намын гишүүний дотоод асуудалд орж байгаа нь МАХН-ыг АН-д худалдчихсан юм байна гэж харагдаж байгаа. Би бие даасан нам байгуулж, шинэчлэл хийх гээд зүтгэж байна. Намын жирийн гишүүд харж байгаа байх. 

-Ажлын төлөө маргалдаж болох байх л даа. Гэхдээ дараа нь уучлал гуйх ёс зүйтэй байх зүй болов уу гэж бодож байна. С.Эрдэнэ гишүүн таниас уучлал гуйсан уу?

-Тэр уучлал гуйж сураагүй хүн шүү дээ. Надаас уучлал гуйгаад яахав дээ. Ардчиллынхнаасаа, ардчилсан партизануудаасаа уучлах гуйх хэрэгтэй. Би 1500 партизанд тэтгэлэг олгох хууль өргөн барихаар нь өөрт нь “Бузартай юм бэ” гэж хэлсэн юм. Ядаж 15 мянган партизаныг хамруулах хэрэгтэй шүү дээ. Өөрийгөө тойрон хүрээлүүлсэн, өөрийнх нь цүнхийг барьж гүйдэг хүмүүсийг л яриад байгаа юм болов уу гэж ойлгосон. Яагаад гэвэл жагсаалд оролцсон хүн 1500-гаар тогтохгүй. Манай Эрдэнэтэд л гэхэд 10 мянга гаруй хүн бий. Тэр партизануудын хөлс, цусан дээр суурилж, сайд дарга болчихоод ингэж болохгүй. Одоо Ардчилсан нам ялбал Ерөнхий сайд нь З.Энхболд, УИХ-ын дарга нь С.Эрдэнэ болох юм байна гэж хараад байгаа. Манай хүн ийм албанд томилогдоход тархи нь арай хүрэхгүй л дээ. Тиймээс З.Энхболд нартай л төр наймаалцах тоглолт хийгээд байна уу гэж харж байгаа. Тиймээс дүрдээ итгэчихээд хүн загнаж байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө дөнгөж чуулган эхлэхэд Ж.Мөнхбат томроод, Л.Оюун-Эрдэнэ онгироод л С.Эрдэнэ гэдэг хүнийг өргөсөн дээр суулгачихсан юм шиг л өндөлзүүлдэг байсан. Харин одоо айдгаа ардаа хийсэн хүн шиг ах захаа мэдэхгүй байна. Төрлөө мартчихаад байна л даа. Уг нь бид чинь нэг төрлийн хүмүүс байхгүй юу.