2012.04.27

Д. Тэрбишдагва: Хоёр намаа эвсүүлэх туйлын хүсэл гишүүдэд бий шүү дээ

УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагватай ярилцлаа.
-МАН-ын гишүүд анх удаа өөрсдөө Ц.Нямдорж сайдыг огцруулах бичиг өргөн барилаа. Гэвч хэлэлцэхгүй удаашруулаад байгаа нь ямар учиртай юм бэ?

-УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар бол огцруулах саналыг долоо хоногийн дотор харьяалах байнгын хороогоор хэлэлцэнэ гэсэн байгаа. Гэтэл асуудал тавьснаас хойш хуулийн хугацаанаасаа нэг битгий хэл олон хоног өнгөрлөө. Хуулийн хүрээнд өргөн барьсан зүйлийг шуурхай хэлэлцэхийг сануулж, УИХ-ын дарга болон УИХ дахь МАН-ыг бүлгийн дарга Ө.Энхтүвшин нарт энэ сарын 24-нд шаардлага хүргүүллээ. Холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхгүй бол гишүүд дараагийн шатны арга хэмжээ авна шүү гээд хэлчихсэн. Өнгөрсөн лхагва гаригт намын дарга С.Батболдод шаардлага еглөө. Ц.Нямдорж сайдад улс төр, ёс зүйн хариуцлага хүлээлгэх алхам хийхгүй байгаад нь харамсч буйгаа илэрхийлсэн.

Ингээд ч нэмэр алга.

Дарга нартай нүүр тулаад уулзахаар "За" гэж наанаа сайхан загначихаад, цаашаа харахаараа бидний хэлсэн үгийг нохой хуцсан чинээ тоохгүй байна. Огцруулах асуудлаас Орон нутгийн сонгууль нь илүү чухал гээд байгаа. Орон нутгийн сонгууль чухал гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ уг хуулийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцдэг л юм байгаа биз. Хажууд нь Хууль зүйн байнгын хороогоор Ц.Нямдорж сайдыг огцруулах уу, үгүй юу гэдгээ ярьж болно шүү дээ. Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж байхад МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл сайдынхаа асуудлыг хэлэлцэх боломжтой Гэвч ингэж ажиллахгүй, дэндүү хойрго байна. Ацаглаж байгаа шалтгаан нь учир битүүлэг байна. Аргаа барахдаа бид Ардын намын бүх гишүүн, дэмжигчдэдээ хандан уриалга гаргах гэж байгаа.

-Та нарын өргөдлийг буцааж татуулах гээд байгаа юм биш үү?

-Мэдэхгүй. Одоогийн байдлаар биднийг өргөдлөө тат гэж шахаж, дарамталсан юм алга. Огцруулах бичиг өргөн барьсан гишүүд байр суурь дээрээ хатуу зогс ч байгаа. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. Манай нам хуулиа мөрдөх учиртай.

-УИХ-аар асуудлыг нэг л хэлэлцчихвэл Ц.Нямдорж сайд огцрох нь ойлгомжтой харагдаж байна лээ...

-Мэдэхгүй. Хэлэлцэх үед гишүүдийн ирц ямар байхыг таашгүй. Ц.Нямдорж сайдын огцрох, үгүйг УИХ шийднэ. Үүнийг урьдчилж хэлж, тааж чадахгүй. Ямар ч байсан хэлэлцэх л ёстой.

-Хэлэлцээд огцруулахгүй гэвэл зүгээр лэвлэрчих юм уу?

-Гишүүд нэг саналтай, зохион байгуулалтад орсон учраас шийдвэр гарсны дараа ярилцаж, хэрхэхээ шийднэ дээ.

-Ц.Нямдоржийг огцруулах саналыг дэмжиж, кноп дарсан гишүүдээ Ардын нам хөөх гээд байгаа юм бишүү?

Ямартай ч Ц.Нямдорж сайдыг огцруулах саналыг бид эхэлж тавьсан. Тиймээс санал хураах үед өөрсдийнхөө гаргасан саналын эсрэг кноп дарахгүй. Мэдээж манай намын бүлэг түүнийг огцруулахгүй гэсэн шийдвэр гаргах байлгүй. Биднийг энэ шийдвэрийг дагаж, мөрд гэж тулгах л байх. Гэхдээ процесс явж эхлээгүй байна. Тиймээс урьдчилаад олон юм яримааргүй байна. Хэдэн зуун цагдаа шөнө хүн баривчилж байхад тэднийг хариуцсан сайд нь юу ч мэдэлгүй унтаж байсан гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм хүн үнэмшмээргүй худлаа ярьсныхаа төлөө улс төрийн ёс зүйн хариуцлага хүлээж огцрох бүрэн үндэслэлтэй. ....

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлагдахад та нар яагаад хамт байсан юм бэ. Зарим гишүүд та нарыг яах гэж тэнд албатай юм шиг очсон юм, хохь нь гэх маягаар буруутгаж байгаа юм билээ...

Хэн юу гэх нь тэр хүмүүсийн асуудал. Бидний хувьд байдлыг зурагтаар үзээд очсон. Тэнд Н.Энхбаяр даргын машины цонхыг хагалж, хууль бус үйл ажиллагаа болж байна гэж үзсэн учраас ард түмний төлөөллийн үүргээ гүйцэтгэхээр явсан. Харин ч УИХ-ын гишүүд очсон учраас гадна, дотны хүмүүс нэлээд тайвширсан гэж ойлгож байгаа шүү. Түүнээс биш гишүүд өөрсдийнхөө халдашгүй эрхийг ашиглуулсан юм байхгүй. Пафламентын гишүүд хаана ч нэвтрэх эрхтэй. Баривчилгаа хийж байгаа үйлдэлтэй газар дээр нь бодит үнэнийг харж, хүчнийхний хэрцгий авирыг биеэрээ мэдэрсэн. Бид Н.Энхбаяр даргыг хамгаалах гэж оччихоод хүчнийхний өөдөөс элдэв үйлдэл гаргаагүй шүү дээ. "Тайван байгаарай залуучуудаа" гэж хэлцгээснээс өөр үг дуугараагүй. Хаалгыг нь балбаад сүйд болж байхад Н.Энхбаяр дарга "Баривчлагдах нь ойлгомжтой боллоо" гэж хэлээд эхнэр, хүүхэд хоёртоо "За, та нар минь тайван байгаарай. Битгий сандраарай" хэмээн маш их захисан. Хүчнийхнийг ороод ирэхэд тэр "явахгүй" гэж эсэргүүцээгүй.

-Хоёр хөлийг нь гозойлгоод өргөөд явдаг нь ямар учиртай юм бол?

-Мэдэхгүй, ойлгоогүй.

-Тэр шөнө та нар Н.Энхбаяр даргатай юу ярьж хонов, нууц биш бол...

-Баривчлах гэж оролдсон процессын талаар ярьцгаасан. Ер нь энгийн яриа л өрнүүлсэн дээ.

-МАН-д фракц байгуулах, улмаар МАХН-ын бүлэг үүсгэх тухайгаа яриагүй гэж үү?

-Үгүй. Ер нь манай нам бидний тавьсан шаардлага, хүсэлтэд туйлын хойрго, хариуцлагагүй хандаж байгаа. Ирэх сонгуульд намаа хүчтэй, эв нэгдэлтэй байлгаж, ялалт авчрахын төлөө бид байдаг"бүх л чадлаараа зүтгэж байна. Гэвч намын удирдлагууд тоохгүй байна л даа. Сонгууль хаяанд ирчихлээ. Ийм үед нэг үүсэл гаралтай, зүүний үзэл баримтлалтай хоёр нам эвс ч яагаад болохгүй гэж. Тэр байтугай баруун чиг баримжаатай, өөр намтай хамтарч Засгийн газар байгуулсан шүү дээ. Харин одоо үзэл баримтлал нэгтэй, өмнө нь нэг үйл хэргийн төлөө хамт зүтгэж явсан нөхдөө битгий үзэн ядаач, хамтарч эвсээч хэмээн хичнээн гуйлаа. Яахав, фракцын тухай асуудлыг би өмнө нь зөндөө ярьсан. Фракц гэдэг бол манай намд байсан зүйл. Бүлгийн дарга Ө.Энхтүвшин ч "Миний байгуулсан фракц одоо ч татан буугдаагүй шүү" гэдгээ хэлчихсэн байгаа.

-Та нар фракц байгуулахаа больчихсон юм уу?

-Долоо, найман гишүүний хувьд фракц юм уу, зөвлөл ч гэх үү нэг зүйл байгуулъя гэж ярьж хөөрч байгаа. Дарга нарт байр сууриа хамтдаа илэрхийлж явна.

-Ер нь намаасаа гарах гээд байна уу?

-Бид хоёр батлахтай. МАХН-д өргөдлөө өгч байж элссэн. Харин сүүлд МАН-ын батлахыг бидэнд зүгээр л өгчихсөн. Тийм учраас МАХН-ын улаан батлахыг өвөртөлсөн мянга, мянган гишүүн намаа шинэчилье, батлахаа сэргээе гэдэг зорилго тээж яваа. Хоёр намаа эвсүүлэх туйлын хүсэл намын жирийн гишүүдэд бий шүү дээ. Үүнээс болоод биднийг гадуурхаж, шоовдорлохгүй байгаасай гэж хүс ч байна. МАХН гэдэг нэр гишүүдийнхээ зүрх сэтгэлд хоногшсон. Тэр намын дарга байсан хүн нь өдгөө МАХН-ыг авч явна. Ийм тохиолдолд манай дарга нар улс төрийн ухаалаг шийдэл гаргаасай хэмээн хүс ч, шаардаж байна. Харамсалтай нь илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэгчээр л явж байна даа.

-МАН-аас тойрог авахын тулд МАХН руу явахаар айлгаж байна гэж та нарыг ярих юм билээ...

-Бид тойроггүй гишүүд биш. Харин ч сонгогдсон тойрогтоо хамгийн нэр хүндтэй явдаг. Энэ бол зориуд зохион байгуулалттай ярьж байгаа зүйл. Нэр сүрийг минь гутаах гэж оролдож байна.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр та нарыг урвуулж, С.Батболдын Засгийн газрыг огцруулах гэж байсныг нь та нарыг өнөөдрийг хүртэл явуулсан улс төрийн алхмууд батлаад байх шиг санагддаг...

-МАН-ын удирдлагуудад ийм зүйл байхгүй хэмээн удаа дараа илэрхийлсэн учраас надад ярих эрх байхгүй. Үнэн мөнийг цаг хугацаа харуулна биз ээ. Н.Энхбаяр даргатай УИХ-ын 20 гаруй гишүүн уулзаад байсныг сонссон. Тэдний хэдтэй нь хамтарч ажиллах тухай, хэдтэй нь хүн ёсны найз нөхдийн харьцаагаар уулзсаныг хэлж мэдэхгүй. Заримынх нь хувьд тодорхой тохироо хийж байсныг үгүйсгэхгүй. Тэр талаар Н.Энхбаяр гэдэг хүний өмнөөс хариулах боломж алга.

-Та уулздаг байсан биздээ?

-Миний хувьд ч уулздаг байсан, нуугаад яахав. Өмнө нь нэг намд зүтгэж байсан хүмүүс яагаад уулзаж болдоггүй юм. Н.Энхбаяртай уулзвал дайсан боллоо гэж үздэг хэсэг бүлэг хүн манай намд бий л дээ. Тэр нөхдүүд өөрсдийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж, элдэв зүйл зохиож бичдэг. Мань мэтийг "Зайл, Н.Энхбаяр руугаа яв" гэж хөөж, доромжилдог. Тэгэхээр манай намд биднийг явуулах сонирхолтой хүмүүс бий. Тэд өөрсдөө тойроггүй хоцорчих гээд айгаад байгаа учраас биднийг зайлуулж, тойрогтой үлдэх гээд байгаа юм болов уу даа.

-Та хоёр уулзаад юу ярьдаг байсан юм бэ. Тохироо хийгээгүй гэж үү? .

-Тэр бүхнийг заавал хэлэх ёстой юу. Олон зүйл ярьдаг юм. Тэр болгоныг дэлгэх шаардлагагүй. Н.Энхбаярыг чадалтай явах үед хамгийн ойр дотно байсан хүмүүс нь зугтаачихсан шүү дээ. Мань мэтийг сүүлд уулзаад эхэлтэл түүний тойрон хүрээлэгч, байж болшгүй нөхдүүд гээд чичлээд байна. Үүнд нь туйлын харамсч байна.

-Ер нь бол Н.Энхбаяр зарим гишүүнтэй уулзаад МАХН-ын бүлэг байгуулж, Засгийн газартай болох тухай ярьсан юм байна гэж ойлголоо...

-Хоёр намыг эвсүүлье, тал талаасаа хамтарч ажиллах тухай яриа байсныг үгүйсгэхгүй. Лав надтай ярихдаа Засгийн газрыг унагана гэж нэг ч удаа хэлээгүй. Бусадтай ярихдаа яасан юм бүү мэд.

-Энхбаяр даргыг суллах хугацаа нь болчихсон гэх. Энэ талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Энэ тухай мэдэхгүй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.