Ж.Энхбаяр 2018.06.14 | Vip76.mn

Ж.Энхбаяр: УИХ-ын удирдлагуудыг хариуцлагажуулах шаардлагатай байна

Улсын Их Хурлын чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Тус хуулийн төсөлд  Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах хариуцлагын заалтуудыг тусгасан байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ын үйл ажиллагаанд мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглах зайлшгүй хэрэгцээ байгаа. Тиймээс хуулийн төсөлд тусгаж өгөх хэрэгтэй гэсэн юм

Түүний хэлсэн үгийг хүргэж байна.

Мэдээлэл технологийн дэвшлийг ашиглах зүйлийг хуулийн төсөлд хэрхэн шигтгэж өгөв. Байнгын хороо, УИХ-ын зарим үйл ажиллагаанд жаахан боловсронгуй болгохгүй бол хэтэрхий үр ашиггүй, цаг алдсан байдал хавтгай боллоо. УИХ-ын үйл ажиллагаа цаг үеэсээ хоцорчихсон. УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй гадаадад явж байгаа үед гишүүн саналаа өгөх бололцоог хангах боломж бүрэн байгаа. Заавал энд суухгүйгээр мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж орон зайнаас үл хамаарч УИХ-ын үйл ажиллагаанд оролцох бололцоо байгаа. Үүнийг хангах асуудлыг оруулж ирмээр байна.

Мөн УИХ-ын удирдлагуудыг хариуцлагажуулах асуудлыг хэрхэн хуульд орж ирсэн вэ? гишүүдийг хариуцлагажуулж болно. Харин байнгын хорооны дарга, ажлын хэсгийн дарга, бүлгийн дарга, УИХ-ын дарга нарыг хэрхэн хариуцлагажуулах вэ?. Жишээ нь Цахим бодлогын дэд хороо байгуулсан ч өнөөдөр дарга нар ажлаа хийхгүй байгаагаас ажлууд хойшилсон хэвээр байна. Ингэж ажлаа хийхгүй байгаа дарга нарыг яах вэ?