Д.Сарангэрэл 2018.06.25

Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хан-Уул дүүрэгт ажиллалаа

Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл  Хан-Уул дүүрэгт ажиллалаа

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Олимпийн 3,4,5 дугаар байрны оршин суугаа иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл  оршин суугчидтай  уулзаж, амьдарч байгаа орчин нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.  

Олимпийн 3,4,5 дугаар байр нь 1968 онд ашиглалтанд орсон бөгөөд Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүн амьдрах боломжгүй нурах аюултай гэсэн дүгнэлт гараад удаж байгаа аж. Иймд Дулааны III цахилгаан станцаас арга хэмжээ авч, оршин суугчдад зориулсан шинэ орон сууц барих гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулж “Соёмбо” констракшн 2013 онд барилгын ажлаа эхлүүлсэн байна.

11 давхар барилга 2016 оны II дугаар улиралд ашиглалтанд орно хэмээн гэрээнд заасан боловч өнөөдрийнх хүртэлх ороогүй, хөрөнгөгүй гэх шалтгаанаар барилгын ажил зогссон байна. Тус байранд 41 өрхийн 200 гаруй  иргэн амьдардаг бөгөөд оршин суугчид 10-30 хувийн урьдчилгаагаа  төлсөн боловч байрандаа орж чадахгүй байгаа аж.  

Иймд тус барилгын компанийг төлөвлөгөөт ажлаа гүйцээж хийлгүй иргэдийн эрх ашгийг хохироож, олон өрхийн амьдралыг эрсдэлд оруулж  байгаа талаар иргэд хэлж байв. Мөн зарим оршин суугчид тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнийг гэр орноороо оруулж бодит нөхцөл байдлаа үзүүлж харууллаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ “Тус байруудад амьдарч буй иргэдийг шинэ байр ашиглалтанд ортол хохироохгүй, амьдрах орчин нөхцөл хангаж иргэдийг асуудлыг шийдвэрлэх ёстой хэмээн холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч, уг асуудлаар Засгийн газар, Эрчим хүчний яамд асуудлыг шийдүүлэхээр хандаж шийдвэрлүүлнэ хэмээлээ. 

Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлд Хан-Уул дүүрэгт 2018 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа. Мөн 2019 онд дүүрэгт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг уламжилж албан ёсоор хүлээлгэн өгсөн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.