О.Баасанхүү 2018.08.06 | Засгийн газрын мэдээ

О.Баасанхүү: Арбитрын шийдвэр Монголд ашиггүй гарсан байна

О.Баасанхүү: Арбитрын шийдвэр Монголд ашиггүй гарсан байна

"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдад асуулга тавьсан талаараа баасан гарагт мэдээллээ. 

Уг асуулгад Английн Лондон хотноо өнгөрсөн долдугаар сард болсон арбитрын шүүх хурлаар "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудал эцэслэгдсэн эсэхийг тодруулсан байна. 

Мөн тус үйлдвэрийн удирдлагууд болон компанийн өмч хөрөнгө, үйл ажиллагаатай холбоотой ямар шийдвэр тус шүүхээс гарсан, үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан этгээдүүдэд ямар арга хэмжээ авах талаар тусгасан аж. Эцэст нь "Эрдэнэт" үйлдвэрийн хохиролгүй болгох төлөвлөгөөний талаар мэдээлэл авахыг хүсчээ. 

УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сард "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг судлах Ажлын хэсгийг Я. Санжмятав гишүүнээр ахлуулан байгуулсан юм.

Хаврын чуулган завсарлахын өмнө УИХ-ын дэд дарга Я.Санжмятав "Ирэх долдугаар сарын 6-нд Английн Лондон хотод арбитрын шүүх хурал болох гэж байгаа. Энэ шүүх хуралд Ажлын хэсгийн гишүүн Т.Аюурсайхан оролцоно. Шүүх хурлын шийдвэр нааштай гарна" гэдэг тайлбарыг О.Баасанхүү гишүүнд өгчээ. Гэтэл арбитрын шүүх хурлын шийдвэр Монгол Улсад таагүй гарсан гэдэг эдээллийг О.Баасанхүү гишүүнд эх сурвалжууд хэлсэн гэв.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn