Д.Сумъяабазар 2018.09.04 | Монголын үнэн

Д.Сумъяабазар: Хувьцааны үр шимийг ХҮРТЭХЭД ОЙРХОН байна

Д.Сумъяабазар: Хувьцааны үр  шимийг ХҮРТЭХЭД ОЙРХОН байна
Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг өчигдөр хийлээ. Энэ үеэр Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Сүүлийн үед шатахууны үнийг тасралтгүй нэмж байна. Яамны зүгээс үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Нэн тэргүүнд шатахууны нөөцөө хангалттай төвшинд  хадгалж байгаа. Шатахууны үнэ дотоодын хүчин зүйлээс шалтгаалахгүйгээр нэмэгдэж байна. Иранд үүссэн нөхцөл байдал, ОХУ экспортынхоо бүтээгдэхүүний татвараа нэмсэн, Туркийн хямралтай холбоотой асуудлаас үүдэж дэлхийн зах зээлд нефтийн үнэ тасралтгүй өсч байна. Гадаад зах зээлийн үнээс шууд хамааралтайгаар жижиглэнгийн үнэ өсч байна. Иранд тавьсан хоёр дахь хоригийг хэрэгжүүлэх сар буюу ирэх арваннэгдүгээр сараас үнийн огцом хэлбэлзэл үүсч магадгүй. Тиймээс Сангийн яамтай хамтран шатахууны үнийг дотооддоо өсгөхгүй байх талд олон хувилбар дэвшүүлэн судалж байна.

Өнөөдрийг хүртэл шатахууны Онцгой албан татварыг тэглэж ирсэн. Мөн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд олон хувилбар оруулж ирэхээр болсон. Дотооддоо үнийг нэмэхгүй байх талаас нь хувилбарыг ярина.

-Нефть боловсруулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалтын явц ямар шатандаа явна вэ?

-Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэлийн төлөв-лөгөөний дагуу явж байна. Нийт 173 мянган шоо метр талбайд хөрс хуулалт хийж, далангийн ажил үргэлжилж байна. Энэ сарын 16-нд Энэтхэг улсаас шийдвэр гаргах төвшний хүмүүс манай улсад ирнэ. Тус улсын Гадаад хэргийн яам болон холбогдох банк санхүүгийн байгууллага, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанийн төлөөлөл ч ирнэ. Энэ үеэр төслийн ТЭЗҮ-г эцэслэн тохирч, дараа нь Шинжлэх ухаан технологи, Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж, батлуулна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн гэх мэдээлэл байна. Бодит байдлын талаар мэдээлэл өгнө үү?

-“Эрдэнэт”-ийн өр, төлбөрийн асуудалд Засгийн газар шуурхай ажиллаж байгаа. Засгийн газраас хоёр ажлын хэсэг гарган ажиллаж байна. Төлбөр тооцоотой холбоотойг судлах ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хувьцаа эзэмшигч, удирдлагуудтай холбоотой асуудлыг судлах ажлын хэсгийг миний бие ахалж байна. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн дансыг хаасан зүйл байхгүй. Үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийг яамны харьяанд авах болсон шалтгаан нь юу вэ. Хувьцаа эзэмшил нь Уул уурхайн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар байгаа гэх сураг байна?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх үүргийг Засгийн газрын тогтоолоор УУХҮЯ-нд шилжүүлсэн. Энэ бол хувьцаа эзэмшигчдийн эрх үүргийг төлөөлж ийм шийдвэр гаргасан. УИХ-ын 73 дугаар тогтоолд чиг үүргийг нь зааж өгсөн. Үүний дагуу ажлыг үе шаттайгаар хийж байгаа юм. Хоёрдугаарт, компанийн засаглал олон улсын хөрөнгийн зах зээлд 1РО гаргах нь стандартын шаардлага хангасан байх ёстой. Энэ шаардлагын дагуу л олон улсын стандарт, хууль эрх зүй, санхүүгийн талаас нь бие даасан байдлыг бий болгохоор ажиллаж байна.

-Гурван улсыг холбосон хийн хоолой дамжуулах төсөлд ахиц гарсан уу?

-Монгол Улсын нутаг дэвс-гэрээр хийн хоолой дамжуулахыг монгол хүн бүр, төр, засгийн зүгээс дэмжиж байгаа. Хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх нь эдийн засгийн хувьд ч үр ашигтай гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. ШХАБ-ын уулзалтаар ОХУ эдийн засгийн талаас нь судлах чиглэл ирүүлсний дагуу Монголоор дамжуулах асуудлыг ярих байх. Төслийг хэрэгжүүлэхэд ярилцах, тохирох зүйл бий. Улс орны хэмжээний чухал асуудал учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярилцаж шийдвэрийг гаргах болов уу.

-“Оюутолгой” компанийн үйл ажиллагаанд дөрвөн ч газраас шалгалт хийж, нэлээдгүй зөрчил илрүүлсэн. Энэ нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх юм биш үү. Ер нь энэ төсөл цаашид тууштай хэрэгжих үү?

-“Оюутолгой” бол Монголын төсөл. Энэ уурхайн үйл ажиллагааг зогсоох, тасалдуулах бодлого байхгүй. Үйл ажиллагааг нь хэвийн явуулах талд байнга анхаарч ажиллана Ялангуяа “Оюутолгой” төслийн далд уурхайн ажлыг зогсоохгүй. “Эрдэнэс Тавантолгой’ компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргах ажлыг эрчимжүүлж байгаа энэ үед өмнө нь хэрэгжүүлж байсан том төслөө зогсооно гэдэг байж боломгүй. Мэдээж төслийг хэрэгжүүлэх явцад алдаатай зүйлийг засч, залруулах зүйл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг УИХ-аас гарсан ажлын хэсэг шалгаж намрын чуулганаар хэлэлцэх байх. Засгийн газар болон УУХҮ-ийн яамны зүгээс энэ төслийг үргэлжлүүлээд явна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг амь оруулах тухай олон жил ярилаа. Иргэд хувьцааныхаа ашиг шимийг яг хэзээ хүртэх вэ?

-Хувьцааны үр шимийг хүртэх хугацаа тун ойрхон ирсэн. Олон улсын хөрөнгийн зах зээлээс хувьцааны 30 хүртэлх хувийг эдийн засгийн эргэлтэд оруулснаараа иргэдийн гар дээр байгаа 14.75 хувь буюу 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулна. Үүний бүртгэлтэй холбоотой асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх чиглэлийг Үндэсний төлбөр тооцоо болон Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд бэлдэж байна.

Мөн Хөрөнгийн бирж дээрээс бүртгэх ажлыг яаравчлах чиглэлийг Тавантолгойн ТУЗ-д өгсөн. Зохион байгуулалтын ажлыг нь хийчихвэл энэ ажил удаашрахгүй.

-Оюутолгойг дагасан цахилгаан станц барих ажилд ахиц гарсан уу?

-Үүнд хариуцсан салбарын сайдньбайрсууриаилэрхийлсэн байсан. “Оюутолгой" компани хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүний дагуу цахилгаан станц барьж, байгуулах үүрэгтэй. Харин байршлын талд Тавантолгойн бүлэг орд дээр, эсвэл Оюутолгойд суурилсан цахилгаан станц барина гэсэн зүйл ярьсан. Ямар арга хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдэг сонголтыг “Оюутолгой” компанид олгосон.

-Зэс болон нүүрсний ханш цаашдаа ямар байх бол?

-Нүүрсний экспортын хувьд орц, гарцан дээр бодлогоо гаргах ёстой гэж бодож байна. Ялангуяа Монгол Улсын нийт баялгийн гарц Гашуунсухайт, Нарийнсухайтын боомтоор гарч байгаа. БНХАУ-ын талтай ярьж хилээр гарч буй автомашины тоог ойрын хугацаанд 1300-1700 хүргэхээр тохиролцсон. Өнгөрсөн зуны борооноос болж замын эвдрэл нэлээд үүссэн. Зам засвар 70-80 хувьтай байна. Ингээд орц, гарц нэмэгдээд ирэхээр нүүрсний ханш өсөх байх. Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний ханш өсөлттэй байна. Ирэх жилээс харьцангуй буурах болов уу. 2019 онд бага эгээр буурах төлөвтэй байгааг мэргэжлийн шинжээчид хэлж байна. Зэсийн хувьд БНХАУ, АНУ-ын худалдааны хоорондын үл ойлголцлоос болж ханш муу байна.

-Танай яамны удирдлагуудыг хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Энэ талаар мэдээлэл авсан уу. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Захиргааны хэргийн эсвэл харьяа шүүхдээ хандах боломж нь байхгүйгээс Цэцэд хандсан юм болов уу. Миний хувьд Цэцэд хандахаар буруутай зүйл хийсэн эсэхээ мэдэхгүй байна.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn