Баасанхүү.О 2018.10.04 | Vip76.mn

О.Баасанхүү: Төрийн алба замбараагүй болсон нь төрд итгэх итгэлийг алдагдуулж байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаа чөлөөлөх тухай хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн албаны замбараагүй байдал төрд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийж, цаашлаад хүний амь нас эрсдэх хүртэл аюул дагуулж байгаа тухай байр сууриа илэрхийллээ. Мөн хэд хэдэн яамны төрийн нарийн бичгийн даргын асуудал олон сар жилийг дамнан шийдэгдэхгүй явсан. Энэ асуудал хэзээ цэгцэндээ орох тухай асуусан юм.

"Ж.Бат-Эрдэнэ сайдыг албан ёсоор огцруулсан гэж хэвлэлийн хурал хийсэн санагдаж байна. Үүнийг хараад УИХ-гүй болчихсон, Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийчихсэн гэж ойлгоод байна. Огцруулсан гэсэн маргаан юу болсон бэ? Яагаад төрийн нарийн бичгийн дарга нар жинхлэхгүй байна вэ? Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга байхгүй. Очирбат гэж хүнийг Анагаахын их сургуулийн захирлаар томилсон. Нөгөө хүн нь алдаа дутагдал гаргасан гээд халчихсан. БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийг арай гэж шийдлээ.

ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хэн байгаа юм бүү мэд. Төрийн нарийн бичгийн дарга байхгүй учраас яамдын үйл ажиллагаа ингэж явдаг юм уу? Хүн амьны хэрэг болсон бол хариуцлага үүрдэг. Хүн амьны хэрэг гараагүй хэрнээ улс эх оронд асар их хэмжээний хохирол учруулсан хүн хариуцлага хүлээхгүй яваад байдаг.

Жишээ нь Эрчим хүчний салбар. Нэг өдөр өчнөөн олон цагаар улс орон нь эрчим хүч тасраад нам зогслоо. Яагаад хариуцлага үүрэхгүй байгаа юм бэ? Өөр олон тохиолдол дээр үүнийг ярьж болно.

Төрийн албан хаагчийн хариуцлагагүй үйлдэлтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сайд хариуцлага хүлээх ёстой ш дээ. Төрийн албан хаагчийн үүрэг хариуцлага, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох гэх мэт төрийн албатай холбоотой бодлогыг хариуцан ажиллах ёстой хүн нь хэрэг эрхлэхийн дарга гэж хүн байгаа ш дээ. Тэрнээс биш Ерөнхий сайдын “гал тогоо”-ны манаач гэж тавиагүй. Машин дээр нэг наалт наагаад хариуцлагатай боллоо гэхгүй байх. Архидалтай тэмцээч гэж олон хэлсэн. Тэр үед арга хэмжээ авсан бол ийм эмгэнэлт хэрэг гарахгүй л байсан байх. Би ёжлож ч хэлж байсан.

Өнөөдөр энэ төрийн алба замбараагүй болчихоод байгаа шүү дээ. Хариуцлага үүрэх ёстой хүн нь биш өөр хүн хариуцлага үүрээд байгаа юм биш үү? Төрийн албаны хариуцлагагүй үйлдлийг хянадаг сайд нь биш замын эвдрэл гэмтэл, төмөр зам барина гэдэг бодлого барьдаг сайд нь хариуцлага хүлээж байгаа юм бэ?"

Түүний асуултанд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариуллаа.

“Зам тээврийн яамны дэд сайд Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд огцруулсан. Энэ хүмүүс болон Зам тээврийн хөгжлийн сайд нар өөрсөддөө шууд хамааралгүй боловч үүрэгт ажлаа энэ хугацаанд гүйцэтгэх нь ёс зүйн хувьд боломжгүй гэж үзсэн учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ дагуу УИХ-аар дээрх асуудлыг хэлэлцүүлж байна.”