А.Сүхбат Н.Амарзаяа 2018.11.15 | Vip76.mn

А.Сүхбат: Татварын хөөн хэлэлцэх хугацааг анхаарсан уу?

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Засгийн газраас 2018 оны 06 сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулиар "Улаанбаатар төмөр зам"-ын ашиглалтад шаардлагатай бараа материалыг татвараас чөлөөлөх юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

“Хуулийн төслийг дэмжиж байгаа. Тодруулах 2 зүйл байна.

  1. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай асуудалд татварын хөөн хэлэлцэх хугацааг анхаарч үзсэн үү? Хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулж болох уу?

  2. 2 улсын засгийн газар хооронд гэрээ байгуулсан 70 жилийн ой болох гэж байна. 2 зуун дамжсан төмөр зам яагаад хөгжихгүй байна вэ? Яаж хөгжүүлэх ёстой вэ?”

Түүний асуултанд ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа нар  хариуллаа.

Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар:

“УИХ өмнө нь энэ асуудлыг хэлэлцээд “Улаанбаатар төмөр зам” ХНН 1998 оноос хойш төлсөн татварын талаар шийд гарсан. 1998-2016 он хүртэл төлчихсөн мөнгийг Японоос авсан зээлийн төлөлтөнд суутган тооцуулья гэж оруулж ирж байгаа юм. Цаашид энэ байгууллагад томоохон шинэчлэл хийх хэрэгтэй байна. Жилээс жилд зорчигчдын тоо буурч байгаа. Ачаа тээврийн хувьд зүтгүүр авах, техникээ шинэчлэх шаардлага байгаа. Нийт төмөр замын замын 400 км гаруй нь ашиглалтаас гарах хугацаа насжилт нь дууссан. Жилд 50 км шинэчилж байгаа ч бүрэн чадахгүй байна. Үүнийг хөрөнгө оруулалт олж хийх ёстой байна. Хангируу чиглэсэн шинэ төмөр зам тавьж байгаа. Энэ нь эрдэс баялгийн тээвэрлэлтэд чухалзам болно. Томоохон шинэчлэлийн ажил хийх хэрэгтэй байгаа.”

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

“1949 оны хэлэлцээрт заагдсаны дагуу хайгуул шинжилгээ, ашиглалтанд хэрэглдэх төхөөрөмжийг гааль татвараас чөлөөлөхөөр заагдсан. Гэтэл 1998-2015 онд тус нийгэмлэг түлшний албан татвараа илүү төлж бүртгэгдсэн байсан. Татварын хуулийн дагуу буруу төлсөн, нуун дарагдуулсан, илүү төлсөн асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа гэж бий. Төлсөн татвараа буцаан авах асуудал нь хугацаа заагдаж зохицуулаагүй тул буцаан авах бүрэн боломжтой болж байгаа юм.”