Ж.Бат-Эрдэнэ 2018.12.06 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Ард иргэдэд өмчийн тэгш хуваарилалтыг татвараар бүрдүүлж, олгох ёстой

Өнөөдөр /2018.12.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

“Ард түмний өмч ард түмэндээ очих ганц зам бол татвар юм. Монгол шиг ийм бага 2,5%-ийн татвартай улс байхгүй. Үүний цаана татвар өндөр байхаар хулгайгаар алт борлуулаад байна гэж байгаа бол энэ хулгайтайгаа өөр аргаар тэмцье л дээ. Хилээр хууль бусаар гаргаж байгаа асуудлаа хууль эрх зүй талаас нь хэрхэн шийдэх ёстойгоо өөрсдөө гаргацгаая.

Алтны лицензийг мэдээлэлд ойрхон эрх мэдэлтэй хүмүүс авч байгаа. Нөгөө 30 гэр бүл авч байгаа, олборлож байна. Тэгвэл өндөр татвараар тэднээс авах ёстойгоо авч, ард түмэндээ өгмөөр байна. Эдийн засаг хүнд байгаа үед харин ч татвараа нэмэх хэрэгтэй. Ялангуяа алтны татварыг нэмэх нь зүйтэй.”

Түүний асуултанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон УУХҮЯ-ны газрын дарга нар хариуллаа.