Б.Ганхуяг 2019.01.15 | Dardas.mn

О.Батчимэг: Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай иргэдэд хувьцаа олгохгүй

О.Батчимэг: Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай иргэдэд хувьцаа олгохгүй

Энэ онд 1072 хувьцааний ногдол ашгийг  иргэдэд тараах талаар “Эрдэнэс  Таван  толгой” ХК-иас мэдээлсэн. Харин хөгжлийн бэрхшээлтэй болон, ахмад настай иргэдэд 1072 хувьцаа олгогдохгүй гэх мэдээллийн дагуу  тус компанийн мэдээллийн төвийн мэргэжилтэн О.Батчимэгээс тодрууллаа. 

-Ахмад настан  болон  хөгжлийн  бэрхшээлтэй иргэдэд “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцаа олгогдох уу?

-2012 оны Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор хувьцааг олгож эхэлсэн. Тухайн үедээ өндөр  настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг  хэлбэрээр олгосон учраас тэдгээр хүмүүст хувьцаа олгогдохгүй гэсэн үг. Тухайн үед “Эх орны хишиг” гэдэг нэрээр тараагдсан болохоос үндсэндээ хувьцааны нэг хэлбэр гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Эдгээр хүмүүсээс гадна 2011, 2012 онд оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөг авсан  байгаа. Түүнээс хойш 2016 онд “Сайн хувьцаа” хөтөлбөр явагдсан. Үүнд 300 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр  өгсөн. Анх  нэгж хувьцааны нэрлэгдсэн үнэ нь 933 төгрөгөөр үнэлэгдсэн. Тухайн үедээ Засгийн газарт хувьцаа худалдах хүсэлтэй иргэдийн өргөдлийн дагуу энэ  322 ширхэг хувьцаагаа  300 мянган төгрөгөөр худалдаж, ард иргэдэд  олгосон  байгаа. Хүсэлтээ гаргаад 200  мянга ч юм уу, 100 мянган төгрөгөөр нь худалдаж  авсан иргэдийнх хувьцаа хэлбэрээр хадгалагдаж байгаа гэж ойлгож болно.  

-Хувьцааны данс хэрхэн нээлгэх талаар  манай уншигчдад  мэдээлэл өгөөч?

-Иргэд  эхний ээлжинд хэдэн ширхэг хувьцаатай байгаагаа мэдэх шаардлагатай. Ингэхийн тулд  үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn сайт руу орж шалгаж болно. Мөн 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа бичиж мессэжээр  шалгаж болно. Ингээд  хэрвээ таны дансанд  хувьцаа байвал  дансаа нээлгэнэ. Хувьцааны дансыг  банкинд биш, брокерын  компанид хандаж нээлгэх шаардлагатай. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл бүхий 50 гаруй брокерын компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Харъяалал харгалзахгүй учраас өөрийн сонгосон брокерын компанид  хандах боломжтой. Нээлгэхдээ өөрийн иргэний үнэмлэх, бүртгэлийн хураамж 5000 төгрөгтэйгөө,  насанд хүрээгүй бол  төрсний гэрчилгээгээ авч очин дансаа нээлгэнэ. Зарим иргэд,  гэр бүлийнхэн дуундаа нээлгэж болно гэж ярьж байгаа нь  ташаа мэдээлэл. 2012 оны дөрөв дүгээр сарын 11-ээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бүх иргэнд тус тусд нь хувьцаа олгогдоно.  Харин 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох эсэх нь Засгийн газрын мэдэх  асуудал. Удахгүй шийдэгдэх байх. 

-2018 онд “Эрдэнэс Таван толгой”-н ХК-ийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж давуулан биелүүлсэн. Үүнээс хэчнээн хувийг нь  хувьцааны ногдол ашиг болгож өгөх вэ? 

-Одоогоор  тодорхой шийд гараагүй байна. Ногдол ашгийг олгохдоо эхний ээлжинд санхүүгийн тайлан, баланс бүрэн гарч дуусаад,  аудитын  шалтгалт орсны дараа,  төлөөлөн  удирдах  зөвлөлийнхөн нийт цэвэр  ашгийн  хэдэн  хувийг ногдол  ашиг  болгох уу, хэдэн  хувийг  үйлдвэрийн хөгжүүлэлтэд  ашиглах вэ гэдгийг  хурлаар  шийднэ. Манай хувьцааны 85.4  хувийг  Засгийн газар эзэмшдэг учраас хуралдааны дараа хэрхэн ногдол ашиг олгох  нь тодорхой болох юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хэзээ болох нь тодорхойгүй байна. Дөрөвдүгээр сард гэж яригдаж байгаа. 

-Иргэд  хувьцаагаа нээлттэй ашиглаж болох уу? 

-Иргэд хувьцаагаа нээлттэй ашиглах  эрх буюу худалдаж авах,  хэн нэгэнд бэлэглэх,  өвлүүлэх гэх  мэт  арилжаанд оруулах эсэх шийдвэрийг мөн  л Төлөөлөн удирдах зөвлөлийн  хурлаар тодорхой болгоно.  Гэхдээ 100 хувь  нээлттэй болох уу, эсвэл тодорхой ширхэгийг нь  нээлттэй болох уу гэдгээ ярилцана.  Хэрвээ хувьцааг 100  хувь  нээлттэй болгоод  зах зээлийн арилжаанд оруулвал, хувьцааны үнэ унах,  компанийн үнэлгээ буурах эрсдэлтэй. Сошиалаар гарч буй “хувьцааг  өндөр үнээр худалдаж авна” гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл. Facebook хуудасныхаа тоог  нэмэх гэсэн арга байх.