2019.01.24

М.Билэгт: Иргэд төрийн үйлчилгээг бухимдалгүйгээр хүртэх боломж бүрдэх үү?

Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт төрийн албаны үйлчилгээ иргэдэд бухимдалгүйгээр хүрэх болом, бололцоо бүрдсэн эсэхийг асуулаа.

М.Билэгт:

Сүүлийн 20-иод жилийн хугацаанд төрийн албаны үйлчилгээ буурсаар иргэд төрийн үйлчилгээнд бухимдах хэмжээнд хүрээд байна.

Энэ хуулиудын өөрчлөлтөөр буюу 2019 оны 01 сарын 01-ээс эхлээд төрийн үйлчилгээг иргэддээ хүргэнэ гэж тангараг өргөсөн төрийн албан тушаалтнууд тангарагтаа үнэнч байх ёс зүй төлөвших боломж байна уу?

Эрүүгийн хуулинд жирийн иргэн 300 мянган төгрөг хулгай хийсэн бол эрүү үүснэ. Харин төрийн өмчийг захиран зарцуулагч нар 10 саяас дээш хохирол учруулсан бол эрүү үүснэ гэж ялгавартай оруулж ирсэн. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэж тангараг өргөсөн нөхдүүд харсаар байтал төрд очингуутаа амьдрал нь дээшлээд ирж байгаад иргэд бухимдаж байна.

Төрийн албан хаагчид бүх шатандаа тангарагтаа үнэнч байх хэрэгтэй байна. Ёс зүйн дүрмийг сайн хийж өгөөгүйгээс болж байна гэж ярьж байна. Ёс зүй гэдэг бол хувь хүн өөрөө өсөх насандаа төлөвшдөг. Боловсролоор олж авдаг юм биш.

Төрийн албаны шинэ хуулиуд хэрэгжиж эхэлснээр ард иргэд бухимдалгүйгээр төрийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэх үү?

С.Бямбацогт:

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд баталсан. 2019 оны 01 сарын 01-нээс хэрэгжинэ гэж тодорхой зааж өгсөн. Үүнээс өмнө хамгийн сүүлд 2006 онд шинэчилсэн байдаг. Эндээс эхлээд төрийн албыг улс төрөөс ангид байлгах зарчим мөрдөгдөж эхэлсэн.

Харамсалтай нь Засгийн газар төрийн албаны тухай хуулиа мөрддөггүй, өнөөдрийг хүртэл төрийн алба донсолгоотой байсаар ирсэн. Тийм учраас МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт суусны дагуу төрийн албыг тогтвортой, итгэлтэй, шударга хүмүүсийг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүднээс энэ хуулийг шинэчлэн найруулж баталсан. Энэ хуулийг баталж, мөрдүүлэхэд Төрийн албаны зөвлөлийг эрх, үүргийг тодорхой болгосон.

Өмнөх хуулинд тодорхой хэмжээний саад бэрхшээл, хязгаарлалтууд байдаг байсан бол зөвлөлийн дүрмийг Төрийн албаны хуульд нийцүүлж баталснаар харьцангуй хараат бус, бие даасан, улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулах боломжийг Төрийн албаны зөвлөлд бий болгож байна. Энэ хэмжээгээрээ Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүд улс төржихгүйгээр үйл ажиллагаагаа явуулах бололцоо, боломж нь бүрдэж байна.