А.Сүхбат 2019.01.31 | Vip76.mn

А.Сүхбат: Засгийн газар хариуцлагагүй уул уурхайтай хатуу тэмцэх хэрэгтэй байна

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Энэ төслөөр 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул,Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах юм.

УИХ-ын гишүүн А.Сүхбат

Миний нэг мэргэжил бол байгаль хамгаалах гэж боддог. Богд ууландаа мод тарих, буга үржүүлэх ажлыг хэдэн жил хийсэн. 

2012 оны хүсэлт өнөөдөр асуудал болж орж ирж байна гэдэг бол дэндүү удаан байна. 2013 онд баталсан бол өнөөдөр ямар байдалд хүрэхгүй байсан байх гэхээр харамсалтай байна. Тиймээс дараагийн хүсэлт ирсэн газруудыг яаралтай батлах хэрэгтэй. 3.4 сая га газрын улсын тусгай хамгаалалтад авна гэдэг  чинь хариуцлагагүй уул уурхайг эсэргүүцэж байна, хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байгаа илэрхийлэл шүү дээ. Цаашид олон газар хүсэлт ирүүлэх байхаа. Өнөөдөртөө сүйдээгүй байгаа уул, хайрхануудыг хамгаалтад авах хэрэгтэй. 

Та бүхэн хариуцлагатай уул уурхай дээр дорвитой арга хэмжээ авч, Засгийн газар хатуу арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна.