Ө.Энхтүвшин Т.Бадрал 2019.03.13 | shuud.mn

Монголын төр гамшгаас хамгаалах үйлсэд "гар татахгүй"

Монголын төр гамшгаас хамгаалах үйлсэд "гар татахгүй"

“Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайн нурангид дарагдсан иргэдийг аврах ажиллагаанд оролцсон Онцгой байдлын алба хаагчдыг Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин

“Онцгойгийн алба хаагчид үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байсан. Хана нурах өндөр эрсдэл байсан ч түүнээс айлгүйгээр үүргээ гүйцэтгэж байсан нь миний бахархалыг төрүүлсэн. Зөвхөн энэ удаад ч биш, Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа болоод ган, зуд бүхий л үед албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэдэг алба хаагчдаараа бахархаж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байж үлгэр жишээгээр тэмцэж буй та бүхнийг шагнах саналыг Ерөнхийлөгчид уламжилсан. Ерөнхийлөгч санал нэг буйгаа хэлсэн. Иймд шагнуулах алба хаагчдын тодорхойлолтоо даруйхан гаргахыг хүсч байна” гэлээ.

ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал

“Гамшгийн голомтод ажилладаг хүмүүст Монгол Улсын төр шагналаа харамладаггүй. Шадар сайдын өгсөн үүргийн дагуу “Эко алтан Заамар” ХХК-ийн талбайд гарсан ослын талбайд ажилласан нийт 36 албан хаагчынхаа шагналын тодорхойлолтыг Шадар сайдад албан ёсоор гардуулж өгье” гэв.

Онцгой байдлын алба хаагчдын шумбалтын багаж хэрэгсэл болоод усны хувцас тун тааруу байгаад Шадар сайд онцгой анхаарал хандуулж цаашид “Монгол улс гамшгаас хамгаалах ажилд гар татахгүй” гэдгийг онцлов. 

Онцгой байдлын алба хаагчдын цалин хөлсөнд гурван төрлийн нэмэгдэл бий болсон. Тухайлбал онцгой нөхцлийн нэмэгдэл, мэргэжлийн зэргийн нэмэгдэл, онцгой гавьяа байгуулсны шагналыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс олгож эхлээд байгаа.