М.Билэгт 2019.03.21 | Vip76.mn

М.Билэгт: Монголын эдийн засгийг хувийн хэвшлийнхэн нуруун дээрээ үүрч явдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гишүүдийн олонх Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дахин хийх горимын саналыг дэмжсэн тул  Төсвийн байнгын хороо өнөөдрийн (2019.03.21) хуралдаан 10 цаг 48 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганны хуралдаан эхэлж Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийн ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Монгол Улсын эдийн засгийг, иргэдээ ажил алба, цалинтай байлгах үүргийг нуруун дээрээ үүрч байгаа хувийн хэвшлийнхэнрүү чиглэсэн хууль бид батлах гэж байна.

Гэтэл сүүлийн 20-иод жил бид хойч ирээдүйдээ юу өвлүүлсэн бэ гэвэл энэ хэдэн хувийн хэвшлийнхэнийгээ ад үзэх үзлийг төлөвшүүлсэн. Тиймээс залуучууд хувьд биш төрийн албанд ажиллахыг тэмүүлэх болсон. Өөрөөр хэлбэл залуус амьдралаа авч явахын тулд хөдөлмөрлөж, ухаан сийлж, ажил олгогч болох төлөвшлийг олгохын тулд бид анхаарах цаг болжээ. Энэ бүхэн одоогийн улс төрчдийн хэлж байгаа үзээс шалтгаална. Наймаачин, хувийн хэвшлийнхэн гэдэг үгээс татгалзах ёстой. Нам дагагч, цүнх баригч, лифтэнд суугчид гэдэг нэр томьёо ч бий болсон байна.

Энэ хуулийн 75.1.1-д татварын төлөгч хугацаандаа төлөх татвараа төлөөгүй бол алдангийг Монголбанкнаас зарласан Арилжааны банкны зээлийн хүүгийн жилийн дунджаас 20%-иар тооцно гэжээ. Гэтэл 75.1.2-т татварын албанаас үндэслэлгүйгээр илүү хураасан мөнгөний алдангийг дээрх хүүний хэмжээгээр тооцно гэж ялгаатай оруулж ирсэн байна. Үүний шалтгаан нь юу вэ?”

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.