О.Баасанхүү М.Билэгт Б.Баттөмөр 2019.05.03 | Өглөөний сонин

Гишүүдийг хүүхдийн хүчирхийлэлд анхаарахыг санууллаа

Гишүүдийг хүүхдийн хүчирхийлэлд анхаарахыг санууллаа

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг томоохон арга хэмжээ авч  ажиллахын сануулж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

"Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх таагүй мэдээллүүд олон гарах боллоо. Сэтгэл эмзэглэж байна. Нийгэм 30 жил шийдэгдээгүй асуудал хуримтлагдаад тэсрэх хэмжээнд орчихлоо. Хүүхэд тарчлаадаг, охин хүүхдийг тамладаг, хүчирхийлдэг явдлыг яах юм бэ. Үүнийг төрийн бодлогоор яаралтай шийдмээр байна" гэсэн

УИХ-ын гишүүн М.Билэгт

"Сэтгэл эмзэглүүлсэн асуудлуудаар ойрын үед бодит арга хэмжээ авахын УИХ-ын дарга зохицуулж өгнө үү. Нялх балчир хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгаа нь хэрээс хэтэрлээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирээдүйд ямар хүн болж төлөвших вэ" гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"Удахгүй хүүхдийн баяр болно. Гэтэл хүүхдийн эсрэг гэмт хэрэг гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Энэ асуудлаар хэлэлцүүлэг хиймээр байна. Эрүүгийн хуулийн шинэчлэгдсэнээр 14-16 насны хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болж байна. Тэгэхээр хүүхдийн хүчирхийллийн асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Ерөнхий прокурорыг дуудаж УИХ дээр мэдээлэл сонсмоор байна.  Үр хүүхдийн эсрэг хийж байгаа гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа төлөвлөгөөг сонсмоор байна" гэж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар

"Энэ үнэхээр чухал асуудал. Гэхдээ бид ярьдаг биш хийдэг парламент байх ёстой. Хууль зүйн байнгын хорооны даргатай ярилцаад хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар бэлдэж байна. Хүний эрхийн тайлан, эрүүгийн хэргийн тайланг нэгтгэж, нээлттэйгээр сонсоно. Гэрч дуудаж асуулга явуулж ажиллах юм. Гишүүд нээлттэй сонсгол явуулж хэвшмээр байна. 19 гишүүний саналаар нээлттэй сонсгол явуулдаг. Санал гаргасан гишүүд хүүхдийн эрхийн асуудлаар нээлттэй сонсгол явуулах санал гаргаад, хэрэгжүүлэх боломжтой" гэв.