Энхбаяр.Ж 2019.05.10 | Vip76.mn

Ж.Энхбаяр: 3000 гаруй бүтэн өнчин хүүхдэд Монголын төр нийгмийн халамж үзүүлж чадаж байгаа юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. ХЗДХ-ийн сайдын мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

"Хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглах тохиолдол дэлхий дахинд нэмэгдэж байна. Монгол Улсын хууль эрх зүйн орчин энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хэр хангалттай байна вэ?

Хөрш орнуудад энэ төрлийн гэмт хэрэг их байна. Цаашлаад Монгол эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх явдал ил тод явагдаж байна. Үүнийг таслан зогсоох боломж бий юу? Бид нүдээ анисан маягтай яваад байж болох уу?

Өнөөдөр Монгол Улсад 3122 бүтэн өнчин хүүхэд байна. Энэ хүүхдүүдийн эрхийн хамгаалал ямар байна вэ? Тэднээс хил давж алга болж, сураггүй болсон тохиолдол бий юу? Монголын төр эдгээр хүүхдүүддээ нийгмийн үйлчилгээг үзүүлж чадаж байгаа юу?"