"ГЭРЭЛТ-ЭРГЭЛТ” өсвөр үе, залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр нээлтээ хийлээ
2023.11.18

"ГЭРЭЛТ-ЭРГЭЛТ” өсвөр үе, залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр нээлтээ хийлээ

Монголд анх удаа өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх "ГЭРЭЛТ-ЭРГЭЛТ" хэмээх цогц хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж эхэллээ.

“Гэрэлт-Эргэлт” хөтөлбөр нь сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг олон нийтэд хүргэх зорилгоор өсвөр үеийнхэнд, эцэг эхэд, мэргэжилтнүүдэд гэсэн 3 чиглэлд сургалт, гарын авлага, зөвлөмж, комик ном, видео контент бэлтгээд байна.

Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтын талаар олон нийтийн дунд энэ сэдвээр ярихаас цэрвэдэг, сэдэл өгчихнө гэсэн айдас байдаг. Гэвч энэ сэдвээр ярихгүй байснаараа энэ асуудал алга болчихгүй. Амиа хорлолтын тоог бууруулахаас илүүтэй үүнийг огт байхгүй болгох зорилгоор ажиллах нь чухал юм. Тиймээс Focus on the Family-Гэр бүл анхаарлын төвд байгууллагын Монгол дахь төлөөлөгч байгууллага болох Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төв уг хөтөлбөрийг боловсруулжээ.

Өсвөр насныхан өөрсдийн сэтгэл зүйн онцлогийг таньж мэдэх, сэтгэл хөдлөлөө таньж зохицуулж сурах, эрүүл зөв харилцааны талаар мэдлэгтэй болох, хэрэгцээтэй үед хэнээс мөн хаанаас тусламж авч болох, аюулгүй байдлын төлөвлөгөө гаргах, асуудлыг даван туулах тус тус чадваруудад уг хөтөлбөрөөс суралцах болно.

Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж гарын авлага нь өсвөр насныхны сэтгэл зүйн онцлогийг таньж мэдэх, эрсдэлт зан зүйлийн талаар ойлгох, сэтгэцийн эрүүл мэнд буюу амиа хорлолтын шинж тэмдэгийг таньж мэдэх, сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгох, авах арга хэмжээг багтаасан.

Энэхүү хөтөлбөр нь Комик хэлбэрээр бичигдэж, Жимми гээд нэгэн дүрд тохиолдож буй үйл явдлуудыг дүрсэлдэг. Түүнд шилжилтийн насны өөрчлөлт хэрхэн явагдаж байгаа, хичээл сурлагадаа тааруу дүн авч, шохоорхол буюу crush-тай болж бүтэлгүйтэж байгаа, найз нөхөдтэйгөө үл ойлголцож, эцэг эх нь салж, энэ болгонд сэтгэлийн гал нь хэрхэн бөхөж байгааг харуулдаг. Харин өөрт төрж байгаа сэтгэл хөдлөлөө найз нөхөд, гэрийнхэндээ хуваалцаад хэрхэн тайвширч байгаа, сэтгэлийн гал нь хэрхэн аажмаар асаж байгааг дүрсэлдэг.

Сэтгэл зүйд учирсан аюул нь бие махбодид аюул учруулдаг тул эцэг эхчүүд болон боловсролын байгууллага, багш сурган хүмүүжүүлэгчид дээрх хөтөлбөрт хамрагдах, тохирох контенттой танилцахыг хүсэж байна.

“Гэрэлт-Эргэлт” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж буй Focus on the Family-Гэр бүл анхаарлын төвд байгууллагын Монгол дахь төлөөлөгч байгууллага болох Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төв нь 2014 онд байгуулагдсанаасаа хойш ганцаарчилсан зөвлөгөө засал, байгууллагын сэтгэл зүйн сургалт болон сэтгэл зүйн мэргэжилтнүүдэд зориулсан мэргэшүүлэх сургалт, семинар, хувь хүний хөгжлийн тест оношилгоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр, сургалтуудыг явуулсаар ирсэн.

Хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2023.11.18/ болж, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Их, дээд сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн багш, Сэтгэл зүйчдийн нийгэмлэг, Сэтгэл зүйн төвүүдийн төлөөлөл, сэтгэцийн эмч нар болон зарим төрийн байгууллагын төлөөллүүд оролцож, хөтөлбөртэй танилцсан юм.

Нээлтийн үеэр Focus on the Family Монгол байгууллагын захирал Т.Хонгорзул, хамтын ажиллагаа хариуцсан захирал Г.Ганбат нар төслийн талаар танилцуулга хийсэн бол Шинэ эрин сургуулийн сурагч Б.Номулан өсвөр насныханд тохиолдож буй сэтгэл зүйн сорилтууд, бэрхшээл, гэр бүл дэх харилцааны талаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Бүжигчин н.Энхтогтох “Гэрэлт-Эргэлт” бүжиг, Дуучин Анук /Psychology/ уран бүтээлээ толилууллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn