Т.Хонгорзул:

Нэр дэвшигчдийн талаарх сөрөг мэдээлэл түгснээр иргэдэд итгэл алдрах, айдас түгшүүр, уур бухимдал зэргийг үүсгэдэг


7 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Т.Хонгорзул: Нэр дэвшигчдийн талаарх сөрөг мэдээлэл түгснээр иргэдэд итгэл алдрах, айдас түгшүүр, уур бухимдал зэргийг үүсгэдэг

2020 онд Улсын Их Хурал, Аймаг, НИТХ, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулиас сонгуулийн хооронд улс төржилт, цар тахлын хөл хорио, дэглэм зэрэг нь нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа талаар “Focus on the family mongolia” байгууллагын захирал, Клиник сэтгэл зүйч Т.Хонгорзултай ярилцлаа.

Улс төрийн сэтгэл судлал гэж юу вэ?

Улс төрийн сэтгэл судлал гэдэг нь улс төрийн тогтолцоон дахь хувь хүмүүсийн зан байдлыг судалдаг салбар юм. Тэр дундаа улс төрчид, сонгуульд нэр дэвшигчид ба сонгогчдийн бие хүний онцлог шинжүүд ба ялгаатай байдал, үзэл бодол, сэтгэл хөдлөл, манлайллын хэв маяг ба шийдвэр гаргалт гэх мэт багтдаг. Хувь хүн бүрийн зан байдал ялгаатай ба улс төрийн институци, улс төрийн соёл, удирдлагын хэв маяг, нийгмийн хэм хэмжээ зэргээс шалтгаалдаг хэмээн судлаачид үзсэн байдаг.

Улс төрийг сэтгэл судлалын олон онол сургаалиудаар судалж ирсэн. Орчин цагт тархи судлалын шинжлэх ухаан хүчтэй түрэн гарснаар сэтгэл хөдлөлийн процессуудаар тайлбарлах чиг хандлага давамгайлж байгаа. Тиймээс элитүүдийн шийдвэр гаргалтанд сэтгэл хөдлөлүүд болох айдас, доромжлол, уур бухимдлууд нь нөлөөлж байгаа гэж судлаачид үзэж байна. Иргэд сонгогчдын шийдвэр гаргалтанд ч эдгээр нь нөлөөж байгаа ажиглагдаж байгаа.

Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. 2020 онд УИХ-ын сонгууль болсон. Жил бүр сонгууль болж иргэн бүр их улс төржилтийн дунд байх шиг байна. Нийгмийн сэтгэл зүйд энэ хэр нөлөөлдөг вэ?

Сонгууль дөхөх болгонд нийгэмд улс төрийн нам хүчин, сонгуульд нэр дэвшигчдийн талаарх сөрөг мэдээ мэдээлэл түгснээр иргэдийн дунд итгэл алдрах, айдас түгшүүр, уур бухимдал зэргийг үүсгэж байна. “Дээдэх нь суудалаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэсэн ардын сайхан үг байдаг шүү дээ. Энэ нь яг л гэр бүлээр ярих юм бол эцэг эхтэй адилхан ба ард иргэд бол яг л үр хүүхдүүдтэй адил юм. Хэдий чинээ эв нэгдэлтэйгээр үүссэн нөхцөл байдлыг хянаж зохицуулна, төдий чинээ иргэд тайван, аюулгүй гэсэн мэдрэмжийг авдаг. Сонгууль дөхөхөөр л янз бүрийн хар бараан, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ мэдээлэл явна, ард иргэд талцана хоорондоо муудалцана, тайван амгалан байдал алдагдаж, стресс бухимдал нэмэгдэнэ.

Цар тахлын хөл хорио, хязгаарлалт жил гаруй үргэлжилж байгаа энэ цаг үед улс төржилт давхцаж байгаа нь нийгмийн сэтгэл зүйг СӨРӨГ байдал руу чиглүүлээд байна гэж харагдаад байна. Ийм байх уу?

Нийгмийн сэтгэл зүйд яах аргагүй нөлөөлж байна. Юуны түрүүнд цар тахал нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад улсуудад хурдацтай тархан хөл хорионд удаан хугацаанд орсноор иргэдэд айдас, түгшүүр нэмэгдэж энэ үеэр сонгууль давхцаж байгаа нь айдас түгшүүр, стрессийг нэмэгдүүлж байна. Үүний тод жишээ бол АНУ-д болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр харсан шүү дээ! АНУ-д цар тахал хурдацтай тархаад иргэдийн дунд айдас түгшүүр нэмэгдэж улмаар уур бухимдал ихсэж, арьс өнгөний үзэл, олон нийтийг хамарсан тэмцэл болсон. Түүнчлэн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотой олон нийтийн жагсаал эмх замбараагүй байдал үүссэн шүү дээ. Манай улсад ч мөн олон нийтийн жагсаал цуглаан мэр сэр болж, олон нийтийн сэтгэл зүйг сэрдхийлгэм хэргүүд гарч, сэтгэл гутралын түвшин нэмэгдэж, амиа хорлолтууд гарах болсон. Дэлхий нийтэд цар тахал ба хөл хорио нь хүмүүсийн сэтгэл зүйд хамгийн ихээр нөлөөлж сэтгэл санааны тайван байдал алдагдаж уур бухимдалтай байдал нь гэр бүлийн харилцаанд ч мөн сөргөөр нөлөөлж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд саяхан Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан. Хөл хорионы хугацаа дуусмагц олон иргэд өлсгөлөн зарлаж буй талбай дээр очсон байсан. Нийгэм яг юу хүсээд байна вэ? Нийгмийн сэтгэл зүй хаашаа чиглэж байгаагийн илрэл юм бол?

Хөл хорио нь ард иргэдийн сэтгэл зүйд аюултай мэдрэмж төрүүлж, айдас түгшүүр нэмэгдсэн. Нэг талаас төрөөс ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах нь зүй зохистой. Тухайлбал, хөл хорио тогтоож байгаа нь цар тахлын тархалтыг хумих арга хэмжээ, мэдээж нөгөө талаар үүнээс болоод эдийн засгийн уналт, цар тахлын хариу арга хэмжээнд зориулсан төсөв мөнгө төлөвлөгөөгөөр хангах, энэ үеийг эрсдэл багатайгаар давах арга хэмжээг үе шаттайгаар авч ирсэн. Жишээ нь сар бүрийн хүүхдийн мөнгө, байр тогны мөнгө, ажлын байрыг дэмжих хөнгөлөлттэй зээл өгөх гэх мэт.

Нөгөө талаар, хувь хүмүүс аливаа хэцүү нөхцөлд өөрсдийнхөө зүгээс үр нөлөөтэй даван гарах нь чухалд тавигддаг. Саяхан Сингапурын Үндэсний Их Сургуульд Цар тахал гэр бүлийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа вебинарт илтгэл тавьж байх үед удирдаж байсан Профессор надаас ингэж асуусан юм. ...Танай Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ энэ үеийг даван гарах чадварыг хэрхэн яаж нэмэгдүүлж байна вэ? гэж. Хувь хүмүүс аливаа стресстэй нөхцөлд өөрсдөө даван гарч чадна гэсэн итгэл үнэмшил нь энэ үеийг үр нөлөөтэй давахад чухал үүрэгтэй байдаг.

Тэгэхээр хувь хүн амьдралынхаа бүх асуудлыг хэн нэгэн буюу төр л шийднэ гэсэн хандлагатай биш өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж хийнэ гэсэн хүсэл тэмүүлэлтэй байх нь илүү өсөж төлөвшихөд тусалдаг.

Улс төрчид нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн том зэвсэг бол хэвлэл мэдээлэл байдаг. Нийгэм, олон нийт үүнийг хэрхэн хүлээн авч, ойлгох ёстой вэ?

Долоо хэмжиж нэг огтол гээд сайхан үг байдаг. Уншсан мэдээлэл бүртээ итгэн хүлээн авахгүйгээр сайн нягтлах нь зүйтэй. 

Улс төрчдийг таних чадвараа нэмэгдүүлэх, тухайлбал улс төрчдийн бие хүний онцлог шинж чанар нь аливаа нөхцөлд харьцангуй тогтвортой илэрдэг зан хандлагыг хэлдэг. Бие хүний онцлог шинж чанаруудаас дурьдвал манлайлах ур чадвар, сэтгэн бодох чадвар буюу нягт нямбай, бусадтай нийцтэй, харилцааны ур чадвартай, сэтгэл хөдлөлийн чадамжтай гэх мэт чадварууд удирдагч хүнд байх ёстой шинжүүд юм. Мэдээж удирдагч болгонд өөрийн гэсэн онцлог давуу болон сул талууд байдаг. Хэт доминант /давамгайлсан, ноёрхсон/ юмуу хэт хүлцэнгүй төрлийн удирдагч нь хоёулаа хүний өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлдөг. Мэдээж хэрэг тухайн улс төрчийн өссөн орчин хүмүүжил, мэдлэг боловсрол, туршлага зэрэг нь тэр хүнийг тодорхойлох чухал хэсгүүд юм. 

Аливаа мэдээлэлд шууд сэтгэл хөдлөлөөрөө хандаж, уур бухимдлаа илэрхийлж дайрч доромжилсон үг үйлдлүүд хийхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх нь зөв ч үүнийг хэрхэн яаж илэрхийлж байгаа нь чухал юм. 

Иргэдийн зүгээс аль болох баталгаатай эх сурвалжаас мэдээ мэдээлэл авах, аль болох уужуу тайван, нягт нямбай хандах нь зүйтэй.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс төрийн болон улс төрчтэй холбоотой мэдээлэл нийтлэх, нэвтрүүлэхэд нийгэм хэрхэн хүлээн авдаг вэ?

Улс төр болон улс төрчид ард иргэдэд авч хэрэгжүүлж байгаа ажлаа цаг тухайд нь ойлгомжтой хүртээмжтэй байдлаар хүргэх нь ард иргэд тайван амгалан хандахад тустай байдаг. Ойлгомжгүй нөхцөл байдал нь хүмүүст стресс үүсгэдэг ба аюултай гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Нөгөө талаас зөвхөн мэдээ мэдээлэл хүргэхээс гадна, ард иргэдийн дуу хоолой, санал сэтгэгдлийг сонсож хүлээн авч ажилдаа тусгах нь тустай.

Нөгөө талаар ард иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бие даасан хараат бус, үнэн, шударга мэдээ мэдээлэл хүргэж байгаа эсэхэд эргэлзэх, будилах байдал ажиглагдах болсон.

Саяхан Мэдээллийн урсгал хэмээх ТВ-үүд нэгдэж, сэтгүүлчид хамтран хөтөлбөр хийсэн. Үүн нийгэм нилээн сөрөг хандаж, эфирээр гарч буй хөтлөгч сэтгүүлчдийг мөнгө авсан, захиалгат юм хийлээ гэж хандаж байсан.

Ер нь итгэлцэл өөрөө хоёр талтай байдаг. Нэг талаас өмнө нь хэрвээ сэтгүүлчид мөнгө авч захиалгат нэвтрүүлэг хийж байсан бол хардалт үүсэх нөхцөл байж болох, нөгөө талаас сэтгүүлчид ийм зүйл хийгээгүй ч тухайн хүн бусдыг хардаж сэрддэг, амархан итгэдэггүй төрлийн хүмүүс байж болдог. Энэ нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалан үүсч байгаа үл итгэх байдал ба хардаж сэрдэж байна гэсэн үг юм.

Цахим орчинд улс төр, улс төрчийн агуулгатай нийтлэл, зураг их нийтлэгддэг. Энэ нь санаатай, санамсаргүй байдлаар явагддаг. Гэтэл нийгэм бүхлээрээ түүнд нь автаж дагах хандлага сүүлийн жилүүдэд их болсон. Олон нийт иймэрхүү нийтлэлд хэрхэн хандах ёстой вэ?

Яг бүх нийтээрээ биш ч гэсэн монгол хүмүүсийн онцлог гэвэл аман соёлтой. ...өө энэ ингэж, ...өө тэр тэгэж, ...ингэдэг гэнэ лээ, ...тэгдэг гэнэ лээ гээд түүндээ итгэж амархан шийдвэр гаргах байдал ажиглагддаг. Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж нэг бол хэт өрөвдөх, нэг бол хэт үзэн ядах, нэг бол тэнгэрт тултал магтана, нэг бол газар доогуур ортол муулах байдал ажиглагддаг.

Юуны түрүүнд сэтгэл хөдлөлөө анзаарч тайвширсныхаа дараагаар бодож нягталж хандах нь дараа харамсахаар үйлдэл хийхээс сэргийлдэг.

Хүн ер нь тайван амгалан байх үедээ хүн рүү дайрч давшилж, доромжилсон үг хэллэг хэлдэггүй шүү дээ. Хэдийгээр нөгөө хүн таны тайван байдлыг алдагдуулаад байгаа юм шиг санагдавч, эргээд таны сэтгэл санаа тайван бус байгаа учир уурлаж бухимдаж, хүсээгүй үйлдлээ хийж эхэлдэг.

Иргэд улс төрийн бужигнаан, сонгуулийн сурталчилгаа, нам эвслүүдийн тогтворгүй байдал зэрэгт хэрхэн хандаж, сэтгэл зүйгээ тогтвортой байлгах ёстой вэ?

Юуны түрүүн сонгуулийн үед мэдээж хэрэг янз бүрийн мэдээ мэдээллүүд явна. Тэр болгонд автаж өөрийнхөө сэтгэл санааг тайван бус болгохоос сэргийлэх нь тустай. Хүн бүрийн сонголт шийдвэрийг хүндэтгэн үзэх, үүнээс болоод тэр хүнтэй зүй бусаар хандахгүй байх, өөрийнхөө сэтгэл санааг тайван байлгаж, нэг нэг рүүгээ дайрч давшлахгүй байх, аливаа сөрөг коммент, сэтгэгдэл бичихээс зайлсхийх, иргэд маань тухайн нэр дэвшигчийг таньж мэдэхэд цагаа зарцуулан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.