Үйл явдал3 мин унших
“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” нээлттэй хэлэлцүүлгээс зөвлөмж гарган, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр боллоо

Одоохон...
Үйл явдал3 мин унших

Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж хангалттай батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй, анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ур чадвар, мэдлэг мэдээлэл дутмаг, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдал нь хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд саад болж байгаа шалтгаанууд болохыг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байна. Төрөөс нэгдсэн бодлогоор хангаж, халамжийг биш хөгжлийг дэмжсэн бодлого үгүйлэгдэж байгааг төрийн бус байгууллагын төлөөлөл хэлж байсан юм. Тодруулбал, халамжийн мөнгө буудаг өдөр баг, хороонд архидалтын тоо нэмэгддэг байна. Төрсөн хүүхдүүдээ асрамж хамгааллын төвд өгчихөөд “Эхийн алдар” одонгийн мөнгө, хүүхдийн мөнгөө авах гээд хөөцөлдөж явдаг эхчүүд олон байдаг. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах зохицуулалт байдаг.
Гэр бүлийн хүчирхийлэл нь эдийн засгийн хөшүүрэгтэй шууд холбоотойг Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл сануулж байна. Гэртээ хүүхдээ асраад сууж байгаа эмэгтэй нөхрөөс эдийн засгийн хувьд хараат болдог. Хүчирхийлэл үйлдэгч нөхөртөө ял оноогоод явуулахад санхүүгийн хүндрэл үүсэх учраас хууль хяналтын байгууллагад гомдол гаргахгүй нуугаад өнгөрөх байдал байсаар байгааг тэд хэлэлцүүлгийн үеэр хөндсөн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид нийгмийн сүлжээгээр хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийн зураг мэдээллийг хяналтгүй цацаж байгаа нь сөрөг үр дагавар үүсгэж байгааг ч онцолсон. Мөн бага насны хохирогч хүүхдүүдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцлийг сайжруулж, мэдээллийг нууцлах, бэлгийн замын халдварт өвчнийг үзлэгийг тогтмолжуулах, эмч боловсон хүчнийг бэлтгэх талаар саналаа хэлж байлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлээд УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудыг хэрэгжилтийг төрийн байгууллагуудаас шаардаж ажиллахаа сануулав. Тэрбээр, яам агентлагууд, цагдаа, хяналтын байгууллагууд хууль эрх зүйн орчныг шинэчлэх саналаа боловсруулж УИХ-д ирүүлэхийг үүрэг болголоо.
Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.