С.Эрдэнэ О.Баасанхүү 2019.05.28 | News.mn

С.Эрдэнэ: Цэц захиалгаар ажилладаг гэдгээ баталлаа

С.Эрдэнэ: Цэц захиалгаар ажилладаг гэдгээ баталлаа

Үндсэн хуулийн Цэц өчигдөр нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авбал нөхөн сонгууль болохгүй, харин хүлээж авахгүй бол Цэц дахин их суудлын хуралдаанаар хэлэлцэх боломжтой. Үүнтэй холбоотойгоор УИХ Цэцийн шийдвэрийг ажлын 15 хоногийн дотор авч хэлэлцэх ёстой.

Цэцийн шийдвэрийн талаарх намуудын байр суурийг хүргэж байна.

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

-Судлаач Д.Ганхуяг нь өөрөө МАН-ын гишүүн хүн. Тэр хүнээс дамжуулж, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан гаргасныг Цэц хэлэлцсэн. Цэц энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах өдрийг товлосон тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.

Одоо Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан ч, эс хүлээж авсан ч Хэнтийд нөхөн сонгууль болохгүй гэсэн нөхцөл үүсчихлээ. Эрх баригч намын хувьд хийж байгаа үйлдэл нь ичгүүртэй, хариуцлагагүй үйлдэл болж байна. Цэцийн дүгнэлтэд нийгэмд ойлгомжгүй үндэслэлүүдийг тайлбарласан, одоо байгаа 75 гишүүн нь их хурал чадамжтай ажиллана, гишүүд нийт ард түмнээ төлөөлөх үндэслэлийг онцолж байлаа. Нэг үгээр хэлбэл, одоо байгаа 75 гишүүн Хэнтий аймгийн 42-р тойргийн 17 мянган хүний эрх ашгийг төлөөлөөд явах боломжтой гэсэн шийдвэрийг Цэц гаргалаа. Сөрөг хүчний хувьд Үндсэн хуулийн шийдвэрт нөлөөлөх боломжгүй, харин ч МАН-ын угшилтай хүмүүс Цэцэд олон бий. Улс төрийн хариуцлагагүй шийдвэр гаргачхаад түүнийгээ сөрөг хүчин болон бусад руу нялзаах оролдлогоо эрх баригчид зогсоох хэрэгтэй.

Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаач биш аль нэг, олонх болсон улс төрийн хүчин, эрх мэдэлтнүүдийн захиалгыг гүйцэтгэдэг байгууллага болсноо ил тод харууллаа. Бид сонгуулийг эцсийн мөч хүртэл явуулах эсэргүүцлээ илэрхийлж, Үндсэн хуулийн хүрээнд ажиллахыг шаардсан.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-Үндсэн хууль зөрчөөгүй асуудлаар өргөдөл хүлээж авах ёсгүй. Зөвхөн зөрчсөн асуудлаар Цэц маргаан үүсгэх байсан. Анхнаасаа Д.Гантулгын асуудлаар цэцэд маргаан үүсгэсэн нь буруу байсан. УИХ-ын гишүүн сайн дураараа чөлөөлөгдөх эрх нь нээлттэй байгаа. 

Цэцийн бас нэг үндэслэл нь Сонгуулийн хуульд заасан хэд хэдэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь зөв байсан. Энэ хуулийг өмнө нь МАН, АН хамтран баталсан байдаг. Сонгуулийн хуульд заасан улс төрийн нам сонгууль болохоос 180 хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Энэ заалтыг Сонгуулийн хуульд оруулах гэж байхад нь би эсэргүүцэж байсан.

Цэц дан ганц үүгээр шийдвэр гаргасан бол зөв байх байсан гэж бодож байсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын асуудалтай холбогдуулан ийм шийдвэр гаргасан нь  улс төрийн захиалгатай гэж хардахад хүргэж байгаа юм.

ХҮН-ЫН ДАРГА Б.НАЙДЛАА

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр нь Монгол Улсад иргэн хуулийн дагуу сонгох, сонгогдох эрхтэй байх эрхийг зөрчигдөж байгааг харуулж байна.  Улс төрийн сонирхлоор хүсвэл улс төрийн сонгууль хийж болно, хүсэхгүй бол хийхгүй байж болж байна. Түдгэлзсэн шалтгаан нь тун өчүүхэн төсвийн асуудал байгаа юм. Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ ажлаа хийж чадахгүй байгаа байна шүү дээ. Ийм зүйл дээр бүдэрч, төсөв үрж, Үндсэн ажлаа хийж чадахгүй байгаа бол УИХ өөрсдөө тарах хэрэгтэй. Иргэдийг төөрөгдүүлж, хүлээлт үүсгэж, улс төрийн намуудыг самарч болохгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Я.САНЖМЯТАВ /Тэрбээр Цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай хамт оролцсон юм/:

-Анх бол Д.Гантулгын асуудлаар маргаан үүсгэсэн шүү дээ. Бид ч бас энэ асуудалтай холбогдуулан хариултуудаа бэлдэж очсон. Гэтэл нөхөн сонгууль зохион байгуулахдаа хууль зөрчсөн байна гэж үзлээ. Уг нь сонгууль зохион байгуулахдаа үрэлгэн хандсан гэдэг асуудал нь Цэцийн ярих зүйл биш байх. Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахаар шийдвэрлэснийг Цэц мушгиж тайлбарласан гэж ойлгож байгаа.

Онцгой нөхцөлд  Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс санхүүжилт гаргах тухай маш тодорхой заалт бий. Гэтэл энэ заалтыг зөрчсөн гэж үзсэн. Мөн сонгуулиа зарлахдаа хугацаагаа алдаж тооцсон гэж дүгнэлээ.  42 тойргийн сонгогчдын эрхийг харгалзахгүйгээр шийдвэр гаргасан нь хүний эрхэнд халдсан алхам боллоо гэж үзэж байна. Товчхондоо улс төрийн нөлөөлөлтэйгөөр ийм шийдвэр гаргалаа. Эрх баригч нам сонгуульд ялагдахаас сэргийлсэн захиалгатай арга хэмжээ боллоо. Үүнтэй иргэд ч санал нийлэх байх. Хэнтийн ард түмнээс уучлал хүсье. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхөө хувьд иргэдийн талд тайлбар хийж ажилласан боловч аргагүй хүчинд автлаа.

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР:

-Үндсэн хуулийн Цэцээс ийм хууль бус шийдвэр гарч магадгүй гэж харж байлаа. Гэхдээ Цэц хуулиа дээдлэх байх гэж харсан. МАН тодорхой хүмүүст даалгавар өгч, Цэцээс ийм шийдвэр гаргуулах гэж байгаа юм байна гэсэн мэдээллийг тавдугаар сарын 10-ны өдөр авсан. Би амьдралдаа янз бүрийн зүйл үзсэн учраас энэ асуудалд даалгавраар хөдөлнө гэж харж байсан.

Цэц жүжиг тоглолоо,  онолын шүүх боллоо. Германы Үндсэн хуулийн цэц онолын шүүх байдаг. Ард түмэн төр засгаа эмхлэн байгуулахын төлөө сонгох эрхтэй. Сонгох эрхэд нь хэн, ямар ч шалтгаанаар саад хийж болохгүй. Онолоороо явбал ард түмний сонгох эрх байдаг. Гэтэл ард түмний сонгох эрхэнд халдлаа. Өмнө нь нэг хүний сонгогдох эрхийг 14750 хүний сонгох эрхээр устгасан.

Онолын шүүх мөн бол сонгох эрхийг нэгдүгээрт тавих ёстой. Манай Үндсэн хууль өнөөдөр дампуурсныг Цэц зарлалаа. Тийм учраас бид шинэ дээд Үндсэн хууль яриад хоёр жил болж байна. Ард түмэн анхдагч. Залуусыг үнэ төлбөргүй сургана, боловсрол эзэмшүүлнэ, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийг орон сууцаар хангана. Шүүхийг ард түмэн томилно. Хүний эрх, сонгогч номер нэг байх ёстой. Төр засгийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Байгалийн баялаг ард түмний өмч гэж бид яриад байгаагийн учрыг олон нийт ойлгож байгаа байх. МАНАН-гийн дарангуйлал ингээд тогтлоо.

Сонгууль явуулахгүй маягаар сонгуульд өрсөлдөх бололцоог хааж байна. Цэцийн шийдвэрийн цаад утга нь МАН, АН-ыг л байлгах. Хэрвээ төсвийн мөнгөөр сонгууль явуулж болохгүй бол 2020 онд ч сонгууль явуулахаа больё. МАН, АН хоёр эрх дархаа тогтоож байгааг монголчууд эсэргүүцэх цаг нь болсон.

Монгол Улс өнөөдөр дарангуйллын тогтолцоо руу, хариуцлагагүй төр рүү буцаж орлоо. Төрийн эрхийг хууль бусаар авдаг төр өнөөдөр улам баталгаажлаа. Үүн дунд нь өөр салхи оруулж, нэг ч гэсэн өөр намын хүн оруулъя гэсэн Хэнтийн сонгогчдод үгүй гэлээ. Дарангуйллын тогтолцооны тоглолтыг Үндсэн хуулийн Цэц өчигдөр ичих ч үгүй хийлээ. Хүчирхийлэл үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан бол одоо ард түмнийг хүчиндэж байна. Ард түмний саналаа өгөх эрхийг боож байгаа нь хүчирхийллийн дээд зэрэг. Шударга бусын хонгил хэвээрээ байна. Харамсалтай нь, шинэ МАНАН төрлөө. Үүнийг засч залруулж, татан буулгахын төлөө бид тэмцэнэ, биднийг дэмжээрэй.