Г.Тэмүүлэн 2019.05.29 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.29) хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгсангүй. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2020-2021 онд 6.0 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого (тэрбум төгрөг)  2020 онд 11,122.6 буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 27.3, 2021 онд 12,070.3 буюу ДНБ-д эзлэх хувь 26.3, 2022 онд 12,908.7 буюу ДНБ-д эзлэх хувь 25.0, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ (тэрбум төгрөг) 2020 онд 13,197.4 буюу ДНБ-д эзлэх хувь 32.4, 2021 онд 13,333.2 буюу ДНБ-д эзлэх хувь 29.1, 2022 онд 13,637.5 буюу ДНБ-д эзлэх хувь 26.4, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл (тэрбум төгрөг)  2020 онд -2,074.7 буюу ДНБ-д эзлэх хувь -5.1, 2021 онд -1,262.9, ДНБ-д эзлэх хувь -2.8, 2022 онд -728.9 буюу ДНБ-д эзлэх хувь -1.4, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр (тэрбум төгрөг) 2020 онд 22,089.1 буюу ДНБ-д эзлэх хувь 54.3, 2021 онд 22,910.5 буюу ДНБ-д эзлэх хувь 50.0, 2022 онд 23.869.2 буюу ДНБ-д эзлэх хувь 46.2 байхаар тус тус тусгажээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.