2020.08.21

С.Ганбаатар: Засгийн газрын өрийн хэмжээ 24 их наяд төгрөг болсон

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

“Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбогдуулан Сангийн яамнаас асууя. Ирэх жил 8,2%-ийн ДНБ-ийн бодит өсөлттэй байна гэсэн эдийн засгийн бодит өсөлттэй байх юм байна. Олон Улсын шинжээчдийн дүгнэлт байгаа бол даруй өгөөрэй.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол дугаар 139 гэж байгаа засгийн газрын өрийн бичиг гаргаж 2015 он хүртэл барагдуулах дутуу төлөгдсөн Засгийн газрын өр байгаа. Барагдуулах хуваарь хийж, жил бүрийн төсөвт тусгах арга хэмжээ авахыг НХХ-ийн сайд С.Дэмбэрэл, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай гэсэн байна. 2,1 их наяд төгрөгийг 2015 он хүртэл төлж барагдуулах ёстой байсан. Энэ тогтоолын хэрэгжилт юу болж байгаа вэ?

Авлага 5,5 их наяд болсон. 970 тэрбум төгрөгөөр өссөн. Энэ тал дээр ямар бодлого, зарчим баримтлах вэ? Төсвийн хүрээний мэдэгдэл дотор Засгийн газрын өрийн хэмжээ 24 их наяд гэсэн байна. Авлагаа авах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?”

Түүний асуултад Сангийн яамны Өрийн удирдлагын газрын захирал Б.Сүх-Очир, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хариуллаа.